Цэс

Холбоо барих

Байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2017.10.17) үдээс хойш хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Байнгын хорооны хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөгч захирагч болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа Байнгын хорооны хуралдаанд хуулийн төслийн талаар хийсэн танилцуулгадаа, эдийн засгийн өсөлт эхний хагас жилийн байдлаар 5.3 хувьд хүрч сэргэн, нүүрсний экспорт эрчимтэй нэмэгдэж, голлох ашигт малтмалуудын үнэ харьцангуй өндөр түвшинд байгаа болон уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын өсөлтөөс үүдэн бизнесийн орчин харьцангуй идэвхжиж, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, ашигт ажиллагаа нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн төсвийн орлого нэлээд хэмжээгээр давахаар байна.

Эдийн засгийн өсөлт, төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулан ОУВС-гийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний явцад тохирсон зарим арга хэмжээг хэрэгжүүлэх болон төсөвт зайлшгүй тодотгол хийх дараах үндэслэл шаардлага байна. Үүнд:

- Төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулах зэрэгт зарцуулахаар ОУВС-гийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний явцад тохирсон. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх, төв суурин газрын болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, байгалийн аюулт үзэгдэл, мал амьтны гоц халдварт өвчний улмаас учирсан хохирлыг барагдуулах, орон нутгийн болон улсын төсөвт хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, шүүхийн шийдвэрийн дагуу иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад олгох төлбөрийг барагдуулах зэрэг цаг үеийн тулгамдсан арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна. Эдгээр нь нэг удаагийн шинжтэй арга хэмжээ байх бөгөөд дараагийн төсвийн жилд зардлын нөлөөлөл үзүүлэхгүй юм.

- Мөн давсан орлогын тодорхой хэсгийг хуримтлуулах, хуримтлалыг богино хугацаатай зээллэгийг бууруулах, өндөр өртөгтэй өрийг буцаан худалдан авах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэхэд ашиглахаар ОУВС-тай урьдчилан тохиролцсоны дагуу төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж байна.

- Монгол Улсын 2017 оны төсөв батлагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 201 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсөвт тусгах шаардлагатай болсон бөгөөд энэ талаар ОУВС-тай мөн тохирсон болно. Үүнтэй уялдуулан нийгмийн эмзэг ядуу өрхүүдэд олгох хүнс тэжээлийн хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна.

- Өсөн нэмэгдэж байгаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний эрэлт, хэрэгцээнд нийцүүлж шаардагдах зардлыг тооцож төсөвт тусгах шаардлагатай байна.

- Төсвийн зарцуулалтын үр ашигтай байдлыг хангах зарчимд нийцүүлэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, салбарын яамдаас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагдсан төсөвт зарим зохицуулалтын шинжтэй өөрчлөлтийг төсвийн тодотголд тусган хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.

Дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтүүдийг төсөвт тусгаснаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ДНБ-ний 0.5 хувиар сайжирч ДНБ-ний -9.9 хувь болж сайжрахаар байгааг Сангийн дэд сайд танилцуулгадаа дурдлаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар Сангийн дэд сайд болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан, санал хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Дараа нь чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр офицер, ахлагчдын цалингийн үлдэгдэл өрийг ондоо багтаан нэг мөр шийдэх үүднээс  Батлан хамгаалахын сайдын багцад 2.4 тэрбум төгрөг нэмж тусгах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.8 хувь нь дэмжсэн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Н.Энхболд, Б.Энх-Амгалан нар 2015 оноос эхлэн яригдаж ирсэн барилгын хийц үйлдвэрлэх зориулалттай хөдөлгөөнт үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Батлан хамгаалахын яамны мэдэлд шилжүүлж, уг тоног төхөөрөмжийг авах үнэ өртөг, гаалийн татварыг төлөх зориулалтаар Батлан хамгаалахын сайдын багцад тусгасан 24 тэрбум төгрөгийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдлээ.

Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл