УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдөр (2017.10.23) Дархан-Уул аймагт ажиллав. Эхлээд “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажилласан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Н.Чимэддорж үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. 1961 оны гуравдугаар сард Дарханд станц барих шийдвэр гарсан бол 1965 оны аравдугаар сард эрчим хүч үйлдвэрлэн хэрэглэгчдэд түгээжээ. 2001 оны долдугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын 164 дүгээр тогтоолоор “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХКомпани болон зохион байгуулагдсан байна. Тус компани нь Дархан-Сэлэнгийн бүс нутгийг 110кВ-ын Дархан, Сүхбаатар, Ерөө гэсэн гурван шугамаар, Дархан сумыг 35кВ-ын Карьер-35, Дархан САА-35 шугамуудаар цахилгаан эрчим хүчээр хангадаг аж. Түүнчлэн төвийн эрчим хүчний системтэй болон бусад эрчим хүчний эх үүсвэр компаниудтай 110кВ-ын 113,114-р шугамуудаар холбогдон цахилгаан эрчим хүчээ нийлүүлдэг байна. Н.Чимэддорж захирал үргэлжлүүлэн компанийн бүтэц, хүний нөөц, станцын үндсэн тоноглолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар, ХБНГУ-ын Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хөтөлбөрүүдийн хүрээнд “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаа төслүүдийн талаар танилцуулав. 1993-1997 онд “Дархан хотын эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг хангах” хөтөлбөрийн хүрээнд “Дархан-1” ба “Дархан-2” төсөл, 2005 онд “Эрчим хүчний хөтөлбөр-1” төсөл, 2005-2009 онд “Цахилгаан станцын ажиллагсдын сургалт” төсөл, 2009-2010 онд зуухны өрлөг дулаалгын төсөл тус тус хэрэгжсэн бөгөөд эдгээрийн үр дүн, ач холбогдлыг тоон мэдээлэлд үндэслэн танилцуулсан. Мөн ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар “Цахилгаан станцын ажиллагсдын сургалт” төслийн хүрээнд байгуулагдсан орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан цахилгаан техник, гагнуур, өрлөг дулаалгын лабораториуд байгуулж, багш бэлтгэх, мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва герман мэргэжилтнүүдийг Монголд урьж авчран сургалт явуулах, монгол мэргэжилтнүүдийг ХБНГУ-д сургахад ямар ялгаа байгааг тодруулав. Германы сургагч багш нар эрчим хүч, дулааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага бүрт нэг сургагч багш бэлтгэсэн. Энэ нь тодорхой хэмжээний үр дүнтэй хэдий ч тоног төхөөрөмж, сургалтын хэрэгслийн тухай бүр шинэчилж чаддаггүй. Харин ХБНГУ-д суралцаж, дадлагжиж буй мэргэжилтэн бол хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр ажиллаж, тоног төхөөрөмж болон технологийн дэвшил, цаашдын хандлагын талаар мэдээлэлтэй болдог давуу талтайг станцын удирдлагууд тайлбарлав.
Үргэлжлүүлэн Н.Чимэддорж захирал УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргад 1993 оноос хойш ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэг, санхүүжилтээр хэрэгжсэн төслүүдийн хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Үүний зэрэгцээ Дарханыг дулааны эрчим хүчээр хангадаг цор ганц цогцолбор болох “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д хэрэгжиж буй ээлжит төсөл болох Дарханы дулааны цахилгаан станцын 35 МВТ-ын турбины шинэчлэлийн талаар танилцууллаа. Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Эрчим хүчний үр ашиг-1” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн дулааны эрчим хүчний эх үүсвэрийг найдвартай, тогтвортой болгох, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зорилгоор Дарханы дулааны цахилгаан станцад 35МВт-ын шинэ уурын турбиныг туслах тоноглолуудын хамт суурилуулах хэрэгжиж байгаа юм.
2018 оны эцсээр дуусах уг төслийн явц болон ойрын хугацаанд хийгдэх ажлууд, цаашид хийгдэх шинэчлэлийн ажлуудын талаар мөн танилцуулсан. Дарханы дулааны цахилгаан станц нь 1960-аад онд баригдсан байгууламж учир орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн шинэчлэл хийх боломжгүй. Иймд дулаан, цахилгааны эрчим хүчний шинэ эх үүсвэр барих хүртэл найдвартай үйл ажиллагаатай байлгахын тулд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай, харин үүнд Монгол Улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, хөнгөлөлттэй зээлийг олгох чиглэлээр холбогдох байгууллагуудын дэмжлэг шаардлагатай байгааг уламжилсан юм.
Дархан-Уул аймагт эрчим хүч, дулааны шинэ станц барих шаардлага үүссэн болохыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва тэмдэглээд тэр хүртэл одоо ажиллаж буй дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг тогтвортой явуулах зорилгоор урт хугацаатай зээл авах нь ямар үр ашигтай болохыг тодруулав. Өнөөдрийн байдлаар тус станц цахилгаан эрчим хүчний горимыг 31-32 МВт-р, дулааны эрчим хүчний горимыг 2600-2700 тн усыг 9,0 ата даралттай 70-80 хэмээр халааж Дархан-Уул аймгийн хэрэглэгчдийг дулаанжуулалт болон хэрэгцээний халуун усаар ханган ажиллаж байгаа бөгөөд хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа. Станцын насжилт, ашиглалтын хугацаанаас хамаарч ойрын 20 жилийн дотор шинэ станц барих хүртэл дарханчуудын дулаан, цахилгааны хэрэглээг тогтвортой хангах шаардлага бий гэдгийг тайлбарлалаа. Энэ хугацаанд станцын тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд тодорхой хэмжээний техник, технологийн шинэчлэл зайлшгүй шаардлага бий гэдэг хариулт өгсөн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Байнгын хороо энэ асуудлыг анхаарч, УИХ-ын түвшинд бүрэн дэмжиж ажиллана. Харин Монгол Улсын Засгийн газрын бодлогын түвшинд ХБНГУ-аас өгч буй хөнгөлөлттэй зээл, санхүүгийн тусламжийг нэн тэргүүнд хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд үр ашигтай хэрэгжиж буй төслүүдийг үргэлжлүүлэхэд зарцуулах, тэр дундаа шат дараалан амжилттай, үр ашигтай төслүүд хэрэгжүүлсэн “Дархан дулааны цахилгаан станц”-д хэрэгжих төслүүдийг санхүүжүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл байх шаардлагатайг анхаараарай” хэмээн хэлэв.
Энэхүү уулзалтад Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Захирагчийн ажлын албаны эрчим хүч хариуцсан мэргэжилтэн Ч.Батжаргал, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Хаш-Эрдэнэ, Турбины шинэчлэлийн төслийн удирдагч С.Дэлгэрбаяр, төслийн зөвлөх Холгер Шварц болон албаны бусад хүмүүс оролцсон.
Дараа нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн үйл ажиллагаа, төслийн хүрээнд хийгдсэн ажлуудтай биечлэн танилцав.
Д.Тэрбишдагва: Монгол Улсын хөгжлийн гарц, цөм нь хүн юм
Үүний дараа Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежид ажиллан, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсов. ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь политехник коллеж нь 2010 онд байгуулагдсан, өнөөдрийн байдлаар 60 гаруй ажилтан, 800 орчим оюутантай болж өргөжөөд байгаа талаар коллежийн захирал Ш.Мөнгөндуулга Байнгын хорооны даргад танилцууллаа.
Тус политехник коллежийн элсэлт 95.4 хувь буюу улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа нь 2012 оноос ХБНГУ-ын Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд сургалтын хөтөлбөрөө шинэчилэн, дадлагын хэрэглэгдэхүүн, сургалтын орчинг сайжруулж, багш нарыг мэргэшүүлэн, сургуулийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгаатай холбоотой гэдгийг тэрбээр онцолж байв. Төслийн хүрээнд Дархан, Дорнод, Даланзадгад дахь политехник коллежийг Монгол Улсын жишиг сургалтын төв болгох зорилт бүхий Австралийн Холбооны Улсын Засгийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй “3D” дэд төслийн талаар мэдээлэл өгсөн.
Одоогоор “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хоёр дахь шат хэрэгжиж байгаа, ирэх сарын 21-ний өдөр Засгийн газрын хэлэлцүүлэгт бэлтгэх үзлэгийг тус коллежид хийхээр төлөвлөөд байгааг мөн дуулгалаа. Энэхүү үзлэгийн үр дүнгээс төслийг 2022 он хүртэл үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм байна. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс төслийн хэрэгжилтэд өндөр үнэлгээ өгсөн, үүнийг үндэслэн ХБНГУ-ын “Фесто” групп санхүүжилтийг шийдвэрлэн, сургалтын хөтөлбөрөө нэвтрүүлэх эрх олгосноор механик-програмчлал-электроник зэрэг гурван чиглэлийг нэгтгэсэн мехатроникч бэлтгэх сургалт явуулж байгаа аж. Тус коллеж нийт 19 мэргэжлээр уул уурхай, эрчим хүчний салбарын мэргэжилтэн бэлтгэдгээс мехатроник болон цахилгааны анги дүүргэлт 100 хувьтай байгааг Ш.Мөнгөндуулга захирал танилцуулгын үеэр онцолж байв.
Тус коллежийн 31 багшийн 90 гаруй хувь нь залуучууд байдаг бөгөөд мэргэжлийн боловсролын салбарт он удаан жил ажиллах тэдгээрийн боловсролыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ХБНГУ, Австралийн Холбооны Улсад дадлагажуулж, мэргэшүүлэх сургалтад хамруулах амжилттай явуулж байгаа гэв. Боловсон хүчний чадавхидаа үндэслэн мэргэжлийн боловсролын салбар дахь тодорхой мэргэжлийн багш нарыг чадавхжуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор сургалт, уралдааныг зохион байгуулдаг байна.
Жил бүр ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 80 хувь нь их, дээд сургуульд элсэн суралцдаг бол 20 орчим хувь нь МСҮТ-д ордог. Үүний үр дүнд хөдөлмөрийн зах зээлд мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүсч, нөгөө талд нь баклаврын боловсролтой ажилгүйчүүдийн эгнээ өргөжиж байдгийг Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва дурдаад “Энэ гажуудлыг засах нь тун чухал гэж би хувьдаа үзэж байгаа. ХБНГУ-ын туршлагаас харахад жижиг, дунд үйлдвэрлэлийн эзэд нь мэргэжлийн боловсон хүчин байдаг. ХБНГУ мэргэжлийн сургалтаар 320 чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг. Хосолмол мэргэжилтэн бэлтгэдэг Германы жишгээр олон улс орон хөгжсөн байдаг. Амжилттай хөгжсөн улс орнуудын талаар судалгаа хийсээр Монгол Улсын хөгжлийн гарц, цөм нь хүн нь юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Сүүлийн жилүүдэд би энэ чиглэлээр судалгаа явуулж байна, мөн үүнтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж байгаа тул Та бүгд хамтран ажиллана уу. Би ойрын хугацаанд МСҮТ-ээр ажиллахаар төлөвлөөд байна. “Ажилсаг монгол” хөтөлбөр боловсруулж байгаа ба үүний 80 хувь нь мэргэжлийн сургалтаар бэлтгэдэг боловсон хүчнийг дэмжих бодлого байх юм. Мэргэжлийн сургалтыг явуулах, ирэх 15-20 жилд 50.000 орчим монгол залуусыг гадаад улс орнуудад нарийн мэргэжил эзэмшүүлэх талаар судалж байна. Гадаад хэлний суурь мэдлэгийг дотооддоо эзэмшүүлээд, амжилттай суралцсан оюутнуудыг дэмжих, мөн улс орны хэмжээнд МСҮТ-ийн багш нараа чадавхжуулахад чиглэлд ажиллах бололцоо бий. Танай коллежийн хувьд энэ тал дээр нэлээд туршлагатай, амжилттай ажиллаж байгаагийн хувьд эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллавал тал бүртээ үр өгөөжөө өгнө” гэдэг саналыг хэллээ. Коллежийн удирдлагууд уг саналыг дэмжиж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн хөдөлмөрийн зах зээл дэх гадны мэргэжилтнүүдийн тоог бууруулах, монгол залуусыг мэргэшүүлэх, мэргэжлийн боловсрол олгох салбарын ирээдүйн чиг хандлага, гадаад хамтын ажиллагааны талаар Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн удирдлагатай харилцан, санал солилцов.
Танилцуулга, мэдээллийн дараа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн лабораториуд, сургалтын үйл явцтай танилцлаа. Тус коллеж 250 хүүхэд хичээллэх хүчин чадалтай гагнуур, токарь фрезер, баяжуулалт, электоник, цахилгаан, механикийн лабораториуд, гагнуурын семулятор зэрэг хөрөнгө оруулалтыг аван шинэ техник технологи, лабораториудыг бүрэн ашиглан сургалтаа явуулж оюутнуудын суралцах бүхий л таатай орчныг бүрдүүлээд байгаа аж.
Мөн оюутан сурагчидтай уулзаж, сургалтын орчин, нөхцөл, онцлогийн талаар ярилцаж мэргэжилтэй боловсон хүчин гэдэг бол Монгол Улсын хөгжлийн түлхүүр гэдгийг онцолж тэдэнд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.