Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2017.03.24/ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, боловсруулсан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “УИХ-аас 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр Хууль тогтоомжийн тухай хуулийг батлан гаргасан бөгөөд уг хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хууль санаачлахдаа холбогдох салбарын яамдаас зөвлөмж, аргачлал авдаг, санаачилж буй хуулийнхаа үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж, санал авах ёстой. Энэ хууль хэрэгжсэн гурван сар гаруйн хугацаанд энэхүү хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бодит шаардлага урган гарч байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу УИХ-аар батлагдсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр хууль батлан гаргах процедур, гаргаж байгаа бүх шийдвэрийн хувьд яг нэг адил үйлчлэл шаардаж ирсэн нь амьдрал дээр зарим тохиолдолтой нийцэхгүй, зөрчил үүсгэж байна. Тухайлбал, Дайн бүхий байдлын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Тухайн жилийн Төсвийн тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай, Албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай зэрэг 16 хууль тогтоомжийг УИХ гаргахдаа Хууль тогтоомжийн хуульд заасан үе шат, аргачлалаар явах ямар ч боломжгүй гэж ойлгож болохоор байгаа. Иймээс дээр дурьдсан шийдвэрийг батлан гаргах асуудал Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хууль батлах аргачлалд хамаарахгүй байх нь Хууль тогтоомжийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол үзэл баримтлал юм.
Хууль тогтоомжийн тухай хуулиар тандан судалгаа явуулах зургаан аргачлалаар хууль тогтоомжийн төсөл боловсруулах, олон нийтэд танилцуулахад тодорхой хугацаа шаарддаг. Тооцож үзэхэд хамгийн багадаа 45-50 хоногийн хугацаа шаардаж байж дээр дурьдсан бүх шийдвэр УИХ-аар батлагдах нөхцөл байдал үүсч байна. Тиймээс Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай юм” гэлээ.
Дараа нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж Хууль тогтоомжийн тухай хуулийн талаар танилцуулга хийв.
Хэлэлцүүлэгт яамдын хуулийн мэргэжилтнүүд оролцсон. Оролцогчид Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар саналаа хэлж, танилцуулгатай холбогдуулан илтгэгч болон хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.