Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 8 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 08 дахь дугаарт Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.



Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний хоёр тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан хоёр цэргийн алба хаагчийн авч байсан цалин хөлсний нийлбэрээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр бодож тогтоохоор тусгажээ. Түүнчлэн Цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгохтой холбогдсон үйл ажиллагааны зардлыг энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр гүйцэтгэж байгаа байгууллагад улсын төсвөөс олгох бөгөөд нэг тэтгэвэр авагчид ногдох үйл ажиллагааны зардлын хэмжээг талууд гэрээгээр харилцан тохиролцоно хэмээн хуульд заасан байна.

Хууль тогтоомжийн эмхэтгэлийн мөн дугаарт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын  тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг нийтэлсэн байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.3-т зааснаар тодорхойлогдох татварын жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын  тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд заасан байна.

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаарт Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэлжээ.

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооход оршиж байгаа бөгөөд дээрх хуулийг дагалдан гарсан 20 хуулийг мөн нийтэлсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Хэнтий Хаан уулын нэрийг өөрчлөх тухай, Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл