Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Бельгийн Вант Улсаас Монгол Улсад суугаа (Бээжингээс Монгол Улсыг хавсран хамаардаг) Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марк Винкийг өнөөдөр (2017.11.03) хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн О.Батнасан ноён Элчин сайдад хүрэлцэн ирж уулзаж байгаад талархал илэрхийлээд Ховд аймаг Бельги Улстай нягт хамтран ажилладгийг хэлэв.
Элчин сайд Марк Винк цаг зав гарган уулзаж байгаад УИХ-ын гишүүн О.Батнасанд талархсанаа илэрхийлээд “Бельгийн Засгийн газрын хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлдэг Ховд аймгаас сонгогдсон гишүүнтэй уулзсандаа баяртай байна” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Батнасан хэдхэн хоногийн өмнө тойрогтоо ажилласнаа дуулгаж, Бельгийн Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Ховд аймагт хэрэгжүүлж буй “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг сайжруулах төсөл”-ийн хөрөнгө оруулалтын явцын талаар мэдээлэл өгөв.
“Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг сайжруулах төсөл”-д Бельгийн Засгийн газар 60 хувийн хөрөнгө оруулалтыг гаргасан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас одоо таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт дутуу байгаагаас гурван тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт суулгасан, үлдсэн хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэхээр ажиллаж байгаагаа УИХ-ын гишүүн О.Батнасан дурьдсан.
Ноён
Элчин сайд Марк Винк төслийн
техникийн хэлцэл эцэслэгдэж байгаа учир удаашрахгүй хэрэгжинэ гэдэгт итгэж
буйгаа хэлээд, төсөл амжилттай хэрэгжсэнээр цаашид бусад аймгуудыг хамруулах
учир Монголын талын хөрөнгө оруулалтыг хойшлуулалгүй шийднэ гэдэгт найдаж байна
хэмээн тэмдэглэсний хариуд УИХ-ын гишүүн О.Батнасан Монгол Улсын эдийн засгийн амаргүй
нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулалт удааширч байсныг дурьдаад, 2017 онд төсвийн орлого давж, эдийн
засгийн өсөлт 5.3 хувьтай гарсан учир санхүүжилтийг шийдвэрлэх боломж бүрдэж
буйг хэлсэн. Тэрбээр энэ төсөл хэрэгжсэнээр зөвхөн Ховд аймаг төдийгүй баруун
бүсийн Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн 450 мянга орчим хүн амын эрүүл
мэндийг хамгаалах боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэв.
Одоогоор манай улсад бөөрний оношилгоог найман зүсэлтээр хийж байгаа бол энэхүү төсөл хэрэгжсэнээр 16 зүсэлтээр бүрэн оношлох өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Бельгийн талаас хүлээлгэн өгөх юм байна.
Талууд цааш нь Бельги Улсын дэмжлэгтэйгээр Ховд аймагт хэрэгжүүлж болох төсөл, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.
УИХ-ын гишүүн О.Батнасан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүн, малын эрүүл мэндийг сайжруулах, усан цахилгаан станц барих зэрэг төслүүдэд хамтран ажиллах боломжтойг хэлэв.
Ноён Элчин сайд Марк Винк танилцуулж буй төслүүдийн талаар Бельгийн компаниудад танилцуулж, хүмүүнлэгийн болон бизнесийн төслүүд хэрэгжүүлэх, урлаг соёлын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтойг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.