Боловсролын тухай хууль, ерөнхий боловсролын сургууль, тусгай хэрэгцээт сургууль, “Үдийн цай” хөтөлбөр, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон БСШУСЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга нар өнөөдөр (2017.03.15) Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар дунд сургуульд ажиллалаа.
Тус сургууль 1964 онд Сонсгол, хараагүй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль нэртэйгээр анх байгуулагдаж, 2006 онд Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургууль болон салбарласан байна. Сургууль өөрийн гэсэн дотуур байргүй ч сургуулийн зүүн жигүүрийг дотуур байр хэлбэрээр ашигладаг бөгөөд нийт 102 сурагчийн 65 нь дотуур байрандаа амьдардаг талаар тус сургуулийн захирал Э.Энхзул тайлбарлаж байсан юм. Тэрбээр, “116 дугаар сургууль 2006 онд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургалттай сургууль болсноос хойш өөрийн гэсэн эзэмшил талбайгүйн улмаас спорт, урлагийн танхим болон дотуур байр байгаагүй өнөөг хүргэсэн” гэлээ. Тиймээс бүх хүүхдүүдээ дотуур байраар хангаж чаддаггүй аж. Мөн хараагүй хүүхдүүдэд тусгайлан хэрэглэдэг “Брайль” цаасны олдоц бага, сургуулийн төсөвт тусгасан мөнгө уг цаасыг худалдан авахад хүрэлцдэггүй талаар Ажлын хэсгийнхэнд ярилаа.
116 дугаар тусгай сургуулийн 1-12 дугаар ангийн бүх сурагчид “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг ч улсаас олгодог 600 төгрөгөөр хүүхдүүдийг хангалттай цатгаж чаддаггүйг онцолж байсан юм. Дотуур байранд байрладаг хүүхдүүд өглөө, өдөр, орой сургууль дээрээ хооллодог бөгөөд нийт өдрийн хоолны төсөв нь 2315 төгрөг байдаг байна.
Тус сургуулийн багш нарын нийгмийн асуудал ч Ажлын хэсгийнхний анхаарлыг татлаа. Учир нь МУБИС хараагүй хүүхдүүдэд хичээл заах тусгай багш бэлтгэдэггүй бөгөөд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хомс байдаг талаар багш нарын төлөөлөл хэлсэн юм. Түүнчлэн цалин бага тул тогтвортой ажиллах хүн цөөн байдаг аж.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Монголын их, дээд сургуулиуд, МУБИС хөгжлийн бэрхшээлтэй, харааны согогтой хүмүүст хичээл заах мэргэжлийн багш бэлтгэдэггүй юм байна. Гэтэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хичээл заах тусгай арга зүй эзэмшсэн багш бэлтгэнэ, гадаадад улсын зардлаар сургана гэж тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сурах бичиг, номоор төрөөс хангаж өгөхөөр бас заасан ч хуулийн хэрэгжилт хангагдахгүй, маш удаан байна” хэмээлээ.
Ажлын хэсгийнхэн сургуулийн сурах орчин, тулгамдаж буй асуудлууд, цаашид авах арга хэмжээний талаар төсөл боловсруулж НББСШУ-ны байнгын хороонд танилцуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.