“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 39 дэх дугаарт
Хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.
Монгол Улсын Засгийн газраас “Чацаргана” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр жимс, жимсгэнийн тариалалт, үйлдвэрлэл 4-6 дахин нэмэгдэн жимст цэцэрлэгийн хэмжээ 6.07 мянган га талбайд хүрч, жилд 2560 орчим тонн жимс хураан авч байна. Гэвч энэ нь хүн амын физиологийн хэрэгцээт жимсний 1.5 хүрэхгүй хувийг хангаж, жил бүр 18-22 мянган тонн жимс, жимсгэнийг импортоор авч байна. Нийт тариалсан жимс, жимсгэнийн 92 хувийг чацаргана, 8 хувийг бусад жимс, жимсгэнэ эзэлж байгаа аж. Мөн нэг талаас хүн амын хүнсний хэрэглээнд жимс, жимсгэнийн эрэлт хэрэгцээ өсч байгаа бөгөөд нөгөө талаар чацаргана болон байгалийн жимсний бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сонирхох хандлага нэмэгдэж буй аж.
Тиймээс “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд хөтөлбөрийг таримлын болон бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар өрсөлдөх чадварыг сайжруулан дотоод, гадаад зах зээлд өсөн нэмэгдэж байгаа жимс, жимсгэнийн эрэлт хэрэгцээг тогтвортой хангах, ажлын байр, экспортыг нэмэгдүүлэх, өрхийн болон аж ахуйн нэгжийн орлогыг өсгөх, хүн амын хүнсэн дэх жимс, жимсгэнийн хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хөтөлбөрийн зорилго нь жимс, жимсгэнийн нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн чацарганын тариалалтыг 10 мянган га, бусад төрлийн жимс, жимсгэнийн тариалалтыг 2 мянган га талбайд хүргэж, хүн амыг экологийн цэвэр, амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангах, импортыг бууруулах, өрсөлдөх чадварыг сайжруулан экспортын орлогыг нэмэгдүүлэхэд оршиж буй юм байна.
Мөн дугаарт Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлал батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, орон нутгийн хөгжлийн сангийн орлого, эх үүсвэрийг төлөвлөх, тэдгээр сангаас доод шатны төсөвт олгох орлогын шилжүүлгийг тооцоход энэхүү аргачлалыг баримтлах бөгөөд Засгийн газрын тогтоолуудыг хавсралтын хамт эмхэтгэлд бүрэн эхээр нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.