ХБНГУ-д суралцаж, мэргэжил, боловсрол эзэмшсэн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцсон чуулга уулзалт өнөөдөр /2017.03.17/ Төрийн ордонд боллоо. “Ажилсаг Монгол-Хөгжлийн үндэс” уриан дор зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалтад Германд төгсөгч 1000 төлөөлөгч оролцож буйг зохион байгуулагчид онцолсон.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва Германд төгсөгчдийн нэг бөгөөд энэхүү чуулганыг санаачилсан байна. Тэрбээр чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Германд төгсөгчдийг төлөөлж цугласан нэг мянган хүн Төрийн ордонд хуран чуулж байна. Бидэнд холдол, хөндийрөл хэрэггүй. Ойртолт нөхөрлөл хэрэгтэй. Бидэнд бие биеэс нь заагладаг хана хэрэм, хашлага саад хэрэггүй, бие бие рүү нь холбодог, хүргэдэг дардан сайхан зам, данагар том гүүр л хэрэгтэй. Хана хэрэм, хашлага саад, зааг ялгаа аль болохоор нурж, зам гүүр, хэлхээ холбоо, хүмүүсийн нөхөрлөл хэдий чинээ дэлгэр болж байх тусмаа сайн. Ийм үйлсийг хэн хамгийн зоригтой үүсгэж, цог золбоотой авч явж чадах вэ гэвэл нэг хот, нэг улсыг байтугай нийт даян дэлхийг тэр чигээр нь тас хувааж, таг зааглаж байсан түүхт ханыг нурааж чадсан, нүдний өмнө хөгжлийн гайхамшгийг бүтээж бий болгосон тийм ард түмэн, тийм улс оронд сурч байсан та бид л чадна...” хэмээв.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд мөн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, үг хэлсэн юм.
Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганд оролцогчдод мэндчилгээ ирүүлсэн байна.
ХБНГУ-ын Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел тэргүүтэй 30 орчим төлөөлөгч чуулганд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Ханс-Иоахим Фухтел чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Мөн үе үеийн төгсөгчдийг төлөөлж Ардын эмч, төрийн шагналт П.Онхуудай, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан нар сэтгэгдлээ хуваалцсан юм.
Чуулганд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Шинжлэх ухаан, технологийн хөгжил: Монгол-Германы хамтын ажиллагаа, боломж”, профессор, доктор Л.Энхтайван, доктор Л.Төрдалай нар “Германд төгсөгч-Өчигдөр, өнөөдөр”, доктор Д.Энхбат “Аж үйлдвэрийг кластераар хөгжүүлэх боломж” сэдвээр илтгэл тавилаа.
Төгсгөлд нь чуулганд оролцогчид санал сэтгэгдлээ хэлж, асуусан асуултад нь илтгэгчид хариулт өгөв.
Эдийн засгийн хүнд үед улс орондоо ямар үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулах талаар оролцогчид уриалга гаргаснаар чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.