Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн хуралдааны тойм /2014.05.06/
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2014 оны 5-р сарын 06-ны өдрийн 09.35 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдав.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, Ц.Цолмон, Л.Энх-Амгалан, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Х.Болорчулуун, Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Түвшинжаргал, мэргэжилтэн Л.Мөнхдэмбэрэл, Санхүүгийн зохицуулах хорооны Ердийн даатгалын хэлтсийн дарга Б.Жавхлант, Малын индексжүүлсэн даатгал төслийн нэгжийн захирал Я.Өлзийболд, Төслийн зөвлөх Б.Аюуш, Малын индексжүүлсэн даатгал төслийн нэгжийн хуулийн ажилтан Б.Сувд-Эрдэнэ, “Миг” даатгалын компанийн дэд захирал М.Жалавдорж Монголын даатгалын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Орших, Байнгын хорооны зөвлөх Я.Хишигт, референт З.Оюунсүрэн нар оролцлоо.
Хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын дэд хэсгээс боловсруулсан бодлогын шинжтэй шийдвэрлүүлэх 2 асуудал, санал нэгдсэн 12 асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулахад 11 асуудал дэмжигдэж, бодлогын шинжтэй 1 асуудлыг шийдлээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цолмон хуулийн төслийн нэрийг “Мал сүргийн даатгалын тухай хууль” гэж нэрлэх, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Малын даатгалын тухай хууль” гэх, УИХ-ын гишүүн А.Бакей “Малын эрсдлийг хуваах даатгалын тухай хууль” гэж нэрлэх нь зүйтэй гэсэн саналуудыг тус тус гаргаж хуулийн төслийн нэр дээр дахин ажиллаж оновчтой хувилбар сонгох үүргийг ажлын дэд хэсэгт өгөв. Ажлын хэсгийн ахлагч маргаантай байгаа асуудлуудыг дахин нягталж, боловсруулж оруулж ирэхийг ажлын дэд хэсэгт үүрэг болгов. Үүнд:
1.Хуулийн төслийн Малын давхар даатгалын компани, түүний удирдлага, зохион байгуулалт гэсэн 3-р бүлэг нь Компанийн тухай хууль болон бусад хуулиудтай нийцэж буй эсэхийг тодорхой болгох,
2.Даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулах, даатгалын компаниудын дундын сангийн зохицуулалтын бүлгийг төсөлд нэмж суулгах,
3.Хуулийн төслийн 6.4 дэх заалт Даатгалын гэрээ байгуулах хугацааг дахин нягтлах,
4.Даатгалын компани хэлбэрийн хувьд хаалттай байх уу, нээлттэй байх уу гэдэг асуудлыг дахин ярилцаж шийдвэрлэх,
Хуралдаан 11.50 цагт өндөрлөв.
БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА