Цэс

Холбоо барих

Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг ажлын төлөвлөгөөгөө танилцуулав

УИХ-ын гишүүн Н.Учрал УИХ дахь Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлгийн ажлын төлөвлөгөөгөө өнөөдөр (2017.03.23) ажлын хэсгийн гишүүддээ танилцуулав. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэргэд байгуулагдсан ажлын хэсэг Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж дүгнэлтээ танилцуулсны дараа энэ оны 2 дугаар сарын 16-ны өдөр “Инновацийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоол гарсныг УИХ-ын гишүүн Н.Учрал уг арга хэмжээний эхэнд танилцуулсан юм.


Тэрбээр энэхүү тогтоолын хэрэгжилтэд УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс болон УИХ дахь Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг хяналт тавьж ажиллана. Үүнээс гадна лобби бүлэг нь дэргэдээ ажлын хэсэг байгуулж, инновацийн тогтолцоог боловсронгуй болгоход холбогдох байгууллагууд ямар үүрэг гүйцэтгэх талаар чиглэл өгөх юм гэдгийг хэллээ.

Инновацийн тухай хуулийг дагаж мөрдөх журам хэрэгждэггүй, мөн уг хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй албан байгууллагуудын ажил уялдаа холбоогүй байгаагаас Инновацийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэх үүднээс яам, тамгын газар, агентлагууд хамтарсан тушаал, шийдвэрүүд гаргадаггүйгээс Инновацийн тухай хууль батлагдсаны үр дүн гарахгүй байгааг тэрбээр онцоллоо.

Дараа нь УИХ дахь Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлгийн ажлын төлөвлөгөөг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж, санал солилцов. Тус ажлын хэсэгт БСШУСЯ, ХХААХҮЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын төлөөлөл багтаж байгаа аж.

Лобби бүлгийн ажлын төлөвлөгөөг танилцуулах арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нар оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл