Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.23) хуралдаан 15 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй.
Иймд уг хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн төслийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
Анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.
Уг хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн төслийн 1 дүгээр зүйлийн “улаан буудайг” гэсний дараа “импортлоход” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.