Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүд “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны зарим гишүүд өнөөдөр (2017.11.23) Барилгын политехник коллежид “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн үйл ажиллагаатай танилцлаа. 


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, А.Ундраа, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар төслийг танилцуулах уулзалт, ярилцлагад оролцож, мөн төслийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Уг арга хэмжээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс, “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн удирдагч Юрген Хартвиг нар байлцлаа.  

Төсөл хэрэгжиж буй сургуулиудын нэг нь Барилгын политехник коллеж бөгөөд тус сургуулийн захирал Г.Нямдулам эхлээд сургуулийнхаа талаар зочдод товч мэдээлэл хийв.

Дараа нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга, “Ажилсаг монгол” хөтөлбөрийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел нар үг хэллээ.


“Ажилсаг Монгол” хөтөлбөрийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ, “Улс орны хөгжлийн гол түлхүүр нь иргэд, ард түмэн байдаг. Иргэд, ялангуяа залуучууд мэргэжлийн боловсролын сургуулийг сонгон суралцсанаар ирээдүйд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, улс орондоо баялаг бүтээнэ. Ийм чиг баримжааны үүднээс миний бие “Ажилсаг Монгол” хөтөлбөр санаачилсан. Хөтөлбөрийнхөө хүрээнд герман хэл сурсан хүүхдүүдийг 3-4 жилээр Герман улсад явуулж, сургаж дадлагажуулах зэргээр нарийн мэргэжилтэй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилготой байгаа. Хөтөлбөрийг дэмжиж өгөхийг герман нөхдөөсөө хүсье.

Өнөөдөр бид “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд бодитоор хийсэн ажил, тулгарсан сорилтын талаар санал бодлоо солилцоно” хэмээв.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг төслийн нэг, хоёрдугаар шат амжилттай хэрэгжсэн учир үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлага байгааг онцолж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлт тавилаа. 

“Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийг Герман улсын санхүүжилт, дэмжлэгтэй 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор Барилгын политехник коллеж  болон есөн аймгийн политехникийн коллежиудад хэрэгжүүлж буй юм байна.


Төслийн хүрээнд  мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг сайжруулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг ажлуудыг хийж байгаа нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаанд чухал дэмжлэг болсон учир цаашид төслийн хамрах хүрээг нэмэгдүүлэн бүх аймгуудад хэрэгжүүлэх талаар саналаа төсөл хэрэгжүүлэгчид хэллээ.

Мөн УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Уулзалт, ярилцлагын дараа арга хэмжээнд оролцогсод “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд Барилгын политехник коллежид багш оюутнуудын бүтээн бий болгосон ажлуудыг сонирхлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл