Эмхэтгэлийн шинэ дугаарт Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хамт өргөн мэдүүлсэн хуулиудын хамт нийтэллээ. Тухайлбал, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаатай холбогдох Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Онцгой комиссын үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгож, төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, салбар хоорондын харилцан ажиллагааны уялдаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмэгдүүлэх, зарим нэн шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох татвар, торгуулиас чөлөөлөх, цар тахлын үед гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа, улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн хугацаа хэтэрсэн тохиолдол, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаа зэрэг зохицуулалтыг нэмж тусгасан байна.
Харин Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуульд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлэн ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх зохицуулалтыг тусгажээ.
Мөн энэ дугаарт нийтлэгдсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулж, тусгасантай дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Түүнчлэн эмхэтгэлд Улсын Их Хурлын зарим тогтоолуудыг нийтэлсэн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарлаж, анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байхаар тогтоож, уг сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхээр зөвшөөрсөн талаарх мэдээллүүдтэй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.