Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн өвлийн ээлжит 20 дугаар хурал 2021 оны хоёрдугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж, гишүүн орнуудын парламентын 270 гаруй гишүүн оролцож байна.
Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин болон Ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн гурван хорооны хамтарсан хуралдаан өчигдөр (2021.02.25) болж, Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар оролцов.
Ассамблейн ээлжит хурал анх удаа ийнхүү цахимаар зохион байгуулагдаж, эдийн засаг, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг бий болгох, мөн КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, ардчилалд үзүүлэх нөлөө зэрэг сэдвүүдээр гишүүн орны парламентчид яриа, хэлэлцүүлэг өрнүүлэв. Австрийн Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч Вольфганг Соботка хамтарсан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, өнөөгийн энэ нөхцөл байдлын үед парламентын тогтвортой үйл ажиллагаа чухал болохыг онцлоод олон талт үзэл баримтлал, парламент хоорондын дипломат бодлогод тууштай байж, илүү их амжилтад хүрэхийн тулд гишүүн орнуудын хамтын ажиллагаа ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Роберто Монтеллагийн удирдсан ерөнхий хэлэлцүүлгийн үеэр хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шилжилт хөдөлгөөн, хүний эрхийн зөрчил зэрэг сэдвүүдийг хөндөв.
Монгол Улсын Их Хурал ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гишүүнээр 2012 онд элсэж, Парламентын Ассамблейн намрын ээлжит хурлыг 2015 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Ассамблей нь тус байгууллагын гишүүн 57 орны парламент хоорондын яриа хэлэлцээний гол механизм бөгөөд төв нь Дани Улсын нийслэл Копенгаген хотноо үйл ажиллагаагаа явуулдаг аж.