Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын хамт нийтэлсэн.
Уг хууль нь 6 бүлэг, 3 дэд бүлэг, 81 зүйлээс бүрдэх бөгөөд хуульд онцлог хэд хэдэн зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, баг, хороо эрх зүйн харилцаанд оролцох үндсийг бий болгох, нутгийн өөрийн удирдлагын бусад хэлбэрийг хэрэгжүүлэх, Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмын тулгамдсан асуудлыг өөрсдөө бие даан шийдвэрлэх, шийдвэрийн үр нөлөө, хүчин чадлыг дээшлүүлэхийн зэрэгцээ сум, дүүрэг нь иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байх, нутгийн өөрийн удирдлагыг иргэдэд илүү ойр нэгжид төвлөрүүлэхээр зохицуулжээ.
Мөн хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын “Засаг захиргааны шинжтэй” зарим чиг үүргийг хэрхэн яаж шилжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага өөрийн нутаг дэвсгэр дэх хот, тосгоны өөрийн удирдлагатай харилцах суурь зарчмыг энэ хуулиар тогтоосон төдийгүй орон нутгийн чиг үүргийг тодорхойлж, төрөөс орон нутгийн удирдлагад шилжүүлж болох чиг үүргийн жагсаалтыг хуулиар зохицуулсан байна.
Түүнчлэн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын эрх зүйн байдлыг илүү нарийвчлан тогтоож, төлөөлөгч, сонгогч хооронд “амьд харилцаа” байх нөхцөлийг бүрдүүлэх заалтуудыг тусгасны зэрэгцээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чиг үүргээ биелүүлэхгүй байх, иргэд олон түмний итгэлийг хөсөрдүүлэх, улс төржих явдал цөөнгүй гарсан бөгөөд ийм байдлыг цаашид гаргуулахгүй байх зорилгоор засгийн хяналтыг тодруулж Хурлыг аймаг, нийслэлийн Засаг даргын санал оруулснаар Засгийн газар тараах шийдвэр гаргах зэрэг арга хэмжээ авах эрхтэй байхаар тусгажээ.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд аливаа улс төрийн намын бүлэг, эвсэл байгуулж ажиллахыг хориглосон төдийгүй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрийн удирдлагын байгууллагыг адилтгах бус түүний чиг үүрэг, суурин газрын онцлогт нийцүүлэн түүнийг сонгож байгуулах журмыг Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн тогтоосон бөгөөд ингэхдээ аймаг, сум, дүүргийн хувьд тухайн орон нутагт байнга оршин суугаа сонгуулийн насны эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгож байгуулахаар зохицуулсан байна. Орон нутгийн төсвийн төлөвлөлт нь улсын болон орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцсэн байх шаардлагыг тусгах, орон нутгийн санг бүрдүүлэхэд орон нутгийн санаачилга, оролцоог нэмэгдүүлж урамшуулах, орон нутгийн өмчийн эрх зүйн үндсийг тодорхой болгож, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх зарчим, төрийн өмчийн удирдлагыг хуулиар тодорхойлсон хязгаарын хүрээнд хэрэгжүүлэх журам болон орон нутгийн өмчид тавих хяналтыг тодорхой зохицуулсан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Энэ дугаарт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай, Ерөнхийлөгчийн хоригийн тухай, Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.