Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд энэ сарын 1-5-ны өдрүүдэд Бангладешийн Дакка хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136 дугаар чуулганы үеэр тус холбооны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдож, тус бүлгийн хуралдааныг даргаллаа. Энэ үйл явдалтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонссон юм.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:
-ОУПХ-ны Ассамблейн 136 дугаар чуулганы нэг онцлог нь залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог парламентад нэмэгдүүлэх, улмаар манай дэлхийд байгаа тэгш бус байдлыг арилгахад чиглэгдсэн гол санаануудаа парламентын гишүүд хөндөн ярилцаж байна.
Энэ удаагийн чуулганы үеэр манай улсын хувьд онцлох нэг үйл явдал боллоо. ОУПХ-ны Ази, Номхон далайн бүст 33 орны парламент багтдаг, тухайлбал ОХУ, БНХАУ, Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг томоохон улс ордог. Энэ бүлгийн даргаар өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг сонголоо. Энэ нь Монгол Улсын парламентын нэр хүнд дэлхийд өсөж байна, түүнээс гадна Улсын Их Хурлын дарга маань нэр хүнд, туршлагын хувьд дэлхийн түвшинд танигдсан улстөрч болж байна гэж би хувьдаа ойлгож байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Олон улсын парламентын холбооны Ассамблейн 136 дугаар чуулганд манай улсаас УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ чуулган нь жилд хоёр удаа зохион байгуулагддаг. Зуун саяас дээш хүн амтай улс орнууд арав хүртэлх тооны төлөөлөгч, түүнээс бага хүн амтай улс орнууд найм хүртэлх тооны төлөөлөгчөө илгээдэг томоохон хэмжээний чуулганд тооцогддог юм билээ.
Энэ удаагийн чуулганаар “Тэгш бус байдлыг арилгах нь: Хүн бүр өөрийн гэсэн нэр төртэй, тийм учраас сайн сайхан аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх нь” сэдвийн дор ерөнхий хэлэлцүүлэг өрнүүлж, улс орнуудын парламентын удирдлагууд өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал солилцож байгаа мэдээлэл авсан. Энэхүү хэлэлцүүлгийн нээлтэд Улсын Их Хурлын дарга М.Энхболд дэлгэрэнгүй үг хэллээ.
Мөн энэ чуулга уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Ази, Номхон далайн орнуудын парламентын бүлгийн даргаар сонгогдож, ОУПХ-ны хамгийн том бүлгийн хуралдааныг удирдаж байгааг харахад үнэхээр бахархмаар байна. Парламентын бүлэг нь чуулганы хүрээнд тодорхой асуудлуудаар хуралдаанууд зохион байгуулдаг бөгөөд эдгээрээс гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн боловсруулж ОУПХ-ны Ассамблейн нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нэр хүндтэй, бас чухал хариуцлагатай үүргийг М.Энхболд дарга хүлээж байна.
Энэ нь манай улсын парламентын нэр хүнд, парламентын төлөвшил олон улсын түвшинд өндөр үнэлэгдэж байгаагийн илэрхийлэл юм. Нөгөө талаас М.Энхболд даргын улс төрийн туршлагыг харгалзан үзэж, Ази,Номхон далайн энэ том бүлгийн хуралдааныг удирдах ажлыг хариуцуулж, гарсан санал, зөвлөмжийг боловсруулах үүргийг хүлээлгэсэн байх. Ийм чухал үүрэг, хариуцлагыг Монгол Улс хүлээж байгаа нь манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд өсгөсөн таатай үйл явдал гэж бид хүлээн авч байгаа гэлээ.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс