Улсын Их Хурлын албан ёсны хэвлэл- “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаар хэвлэгдэн гарч буйтай холбогдуулан манай сурвалжлагч тус эмхэтгэлийн эрхлэгч асан Ж.Нэргүйтэй уулзаж ярилцав.
- Эмхэтгэлийн түүхээс товч танилцуулна уу.
- Монгол улс хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэлийг 1926 оноос өнөөг хүртэл бараг тасралтгүй хэвлүүлж ирсэн түүхтэй. Өнгөрсөн онд Монгол улсад хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэлийг хэвлэж эхэлсний 90 жил, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 25 жилийн ой болсон билээ.
Түүхээс товч дурьдвал, “БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл”-ийг 1926 оны 3-р сараас 1930 он дуустал, 1931-1939 онд “БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид ба СнЗ-ийн хуулиуд хийгээд тушаалуудыг эмхтгэн хавсруулсан сэтгүүл”, 1941-1970 онд “БНМАУ-ын хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл”, 1971 оноос “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл”-ийг тус тус хэвлэн гаргаж байжээ.1991 оноос эхлэн өнөөг хүртэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хэвлэн гаргаж байна.
“Төрийн мэдээлэл” нэртэй эмхэтгэлийг хэвлэн гаргах болсон шалтгаан нь юу байсан юм бол?
-1991 оноос өмнө “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл”-ийг зөвхөн албан хэрэгцээнд зориулан гаргаж байжээ. Энэ нь иргэдэд хуулийг уншиж судлах, мөрдөж хэрэгжүүлэх өргөн бололцоо олгохгүй байна гэж тэр үеийн Улсын Бага Хурал үзээд “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг тогтмол гаргахаар шийдвэрлэж байсан байна. Улмаар БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийн эхийг Улсын Бага Хурлын Тамгын газар эрхлэн “Төрийн мэдээлэл” сэтгүүл болон “Ардын эрх” сонинд нийтлэхээс гадна товхимол болгон хэвлүүлж болохыг хуульчилжээ.
1991 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Улсын Бага Хурлын дарга төрийн хууль, тогтоолыг бүрэн эхээр нь хэвлэн нийтлэх зорилготой “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг Улсын Бага Хурлын Тамгын газраас эрхлэн гаргаж байх тухай захирамж гаргасан.Тэр үед БНМАУ-ын хуулийг батламжлагдсанаас нь, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийг батлагдсанаас нь хойш Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга зөвшөөрснөөр 3 хоногийн дотор нийтэлдэг байлаа. Ийнхүү хууль бусад шийдвэрийг сонин хэвлэлд нийтлэх, радио, телевизээр дамжуулахдаа “Төрийн мэдээлэл” сэтгүүл, “Ардын эрх” сонинд нийтлэгдсэн албан ёсны эхийг баримталдаг тогтолцоотой байв.
-Эмхэтгэлийн статус, гаргалт хэрхэн өөрчлөгдөж байв?
-1993 оны намрын чуулганаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцсэний дотор “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн статусыг өөрчилж 1994 оноос эхлэн “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг сар тутам гаргах болжээ.
1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор хууль, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар болон хуулиар олгогдсон эрх бүхий байгууллагын нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхтгэлд албан ёсоор хэвлэн нийтэлж байхаар шийдвэрлэж байсан байна.
Түүнээс гадна “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн газраас эрхлэн Монгол Улсын хууль тогтоомжуудын тухай тайлбар, зөвлөмжүүд болон сэтгүүлийн хавсралт болгон “Төр, засгийн ажилтанд тусламж” сэтгүүлийг тогтмол хэвлэн гаргадаг байв. Энэ сэтгүүлийг 1995 оны 1 дүгээр сараас эхлэн улиралд тус бүр 3 дугаар гаргадаг байж. УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудын агуулгыг хураангуйлан олон түмэнд хүргэх, хэрэгжүүлэх арга хэлбэр сэлтийг аман ухуулгад зориулан тайлбарлах, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын ажил үйлсийг сурвалжлан бусдад туршлага болгох, санаа авахуулах зорилгоор энэ сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан байна.
Түүнчлэн 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр УИХ-ын Тамгын газраас “Парламентын мэдээлэл” нэртэй сонины туршилтын дугаарыг анх гаргаж улмаар дотоод мэдээллийн зориулалттай энэ сонинг долоо хоног тутам 400 хувь хэвлүүлж үнэгүйгээр уншигчдад тарааж байжээ.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэл нь Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдаж байдаг цорын ганц хэвлэл. Тухайлан ямар заалтаар зохицуулагдсан байдаг вэ?
-“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн эрх үүрэг, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудаар зохицуулагддаг. Тухайлбал, Үндсэн хуульд,” Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж. Мөн “ Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” хэмээн заасан байдаг. Үүнээс гадна” Монгол Улсын Их Хурлын тухай”, “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуульд эмхэтгэлтэй холбоотой заалтууд бий.
-Эмхэтгэлийг хэвлэн гаргахад ямар зарчмыг баримталдаг вэ?
-Хөдөлшгүй нэг л зарчим бий. Тэр зарчим нь төрийн хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хуульд заасан цаг хугацаанд нь алдаа мадаггүй хэвлэн нийтлэхэд оршиж байдаг. Түүнээс гадна эмхэтгэлийг шуурхай түгээхийн зэрэгцээ түүний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг зарчимтай.
Энэ хүрээнд хийсэн ажлын нэг бол өнгөрсөн хугацаанд хэвлэн гаргасан эмхэтгэлийн бүх дугаарын зураган файлыг Улсын Их Хурлын албан ёсны вэб сайтад, мөн 2014 оноос эхлэн эмхэтгэлийн дугаар бүрийн албан ёсны эхийг IOS болон андроид системийн аппликейшн программ ашиглан http//tm.parliament.mn.web хаягаар дамжуулан IPAD, гар утсанд байршуулах болсон явдал юм.