Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа энэ сарын 29-31-ний өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна. Тэрээр өчигдөр Завхан аймгийн Улиастай сумын иргэд сонгогчидтойгоо уулзан, тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар сумын удирдлага, иргэдтэй санал бодлоо хуваалцав.

Уулзалтын үеэр УИХ-ын 2016 оны намрын чуулганы хуралдаанаар баталсан хууль, тогтоомжийг сурталчлахын зэрэгцээ, санаачлан боловсруулж, батлуулсан Хөгжлийн банкны тухай хууль, Гаалийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.


Завхан аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт анхаарч ажиллах хэд хэдэн чухал асуудал байгаа бөгөөд ялангуяа хавдрын өвчлөлийн хэмжээ улсын дунджаас өндөр, нийт нас баралтын 48 хувийг эзэлж байгаа юм байна. УИХ-ын гишүүн З.Нарантуяа уг өвчний шалтгааныг нь судлах ажлыг эхлүүлж,  хавдрын хөнгөвчлөх үйлчилгээний тасагт шаардлагатай байгаа тоног, төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллаж байгаад нь эмнэлгийнхэн талархаж байгаагаа илэрхийллээ. Эрүүл мэндийн яамны зүгээс аймгийн хэмжээнд тулгамдаж байсан эмнэлгийн түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдэж, нэгдсэн эмнэлэг, Их уул, Баянхайрхан, Алдархаан, Эрдэнэхайрхан зэрэг сумдад өгөхөөр шийдвэрлэснийг сонгогчиддоо дуулгалаа.

Уулзалтад оролцсон багш, ажиллагсад тэтгэврийн насыг уртасгах чиглэлээр төсвийн тодотгол дагасан хуулийг шүүмжлэлтэй хүлээн авч байгаагаа илэрхийлж, өөрийн хүсэлтээр тэтгэврээ эрт тогтоолгох боломжийг илүүтэй сонирхож байв. Төрийн үйлчилгээний албаныхан, багш нарын хувьд цалин хангамж, урамшуулал дэмжлэг хүртдэггүй, сургалтын тоног төхөөрөмж, барилгын засвар, үйлчилгээний төсөв санхүү хангалтгүй зэрэг асуудлыг хөндөж ярилцав. Асуудал бүрт анхаарч, холбогдох яамдтай хамтран ажиллаж байгаагаа УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлж байв.

Мөн тэрээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаар Улиастай сумын хувьд хүндрэлтэй асуудал болоод байгаа хот төлөвлөлт, дэд бүтцийн инженерийн шугам, сүлжээний асуудлаар ярилцаж, бодитой дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын алба 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл