Цэс

Холбоо барих

М.Энхболд: Зээлийг зөв зүйтэй зарцуулж байна уу, үр дүнтэй байна уу гэдэгт УИХ хяналтаа тавина

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж байна. Айлчлалын үр дүнгийн талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболдоос дараах зүйлийг тодруулж, ярилцлаа.

-Япон улсад хийсэн албан ёсны айлчлалыг манай улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулахаар үр дүнтэй айлчлал боллоо гэж ажиглагчид харж байна. Та энэхүү айлчлалаа товч дүгнэж, мэдээлэл өгнө үү?

- Энэ жил Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хоёр орны Гадаад харилцааны яамд ярилцаж, ажлын төлөвлөгөө гаргасан. Токио, Улаанбаатарт байгаа Элчин сайдын яамдууд ойн хүрээнд болох арга хэмжээнүүдийг хоёр талдаа зохион байгуулахаар анхаарал тавьж, ач холбогдол өгч ажиллаж байна. Ойн арга хэмжээний хүрээнд хууль тогтоох байгууллагын удирдлагууд болон Гадаад харилцааны сайд нарын харилцан айлчлал болохоор төлөвлөгдсөн. Энэ төлөвлөгөөний дагуу миний бие Японы Парламентын төлөөлөлөгчдийн танхимын тэргүүн, ноён Т.Оошимагийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, айлчлал амжилттай өндөрлөж байна.


Айлчлалын үеэр хоёр орны парламент харилцан бие биеэсээ туршлага судлах, шууд харилцаа, хамтын ажиллагаатай болох зэрэг асуудлаар халуун дотно, элэгсэг яриа, хэлэлцээр хийсэн ийм уулзалтууд боллоо.  

Нөгөөтэйгүүр, Япон Улсын Ерөнхий сайд ноён Ш.Абэтэй уулзаж, ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, хоёр орны эдийн засаг, харилцаа, хамтын ажилллагаа болон цаашид бодитой салбарт хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг асуудлаар санал солилцсон.


ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Японы Засгийн газар Монголд санхүүгийн тодорхой хэмжээний дэмжлэг, туслалцаа үзүүлэх талаар ярилцсан. Мөн цаашдаа Монголд байгаа байгалийн нөөц баялаг, Японы технологи, хөрөнгө хүчийг зөв зохион байгуулж чадах юм бол үр дүнтэй, өгөөж сайтай хөтөлбөр, төслүүдийг хамтарч хэрэгжүүлж болох юм гэдэг талаар ярилцлаа. Тухайлбал, нүүрс, химийн цогцолбор үйлдвэр, үйлдвэрлэлийг бий болгох, эндээс  хий, нефтийн бүтээгдэхүүн гаргах, энэ чиглэлээр тодорхой судалгаа хийх, улмаар Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудын эрчим хүчний хангамжийг сайжруулах, нэгдсэн сүлжээ байгуулахад Монгол, Япон Улсын оролцоо ямар байх вэ гэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар тодорхой санал солилцсон, халуун дотно сайхан уулзалт боллоо.


Энэ айлчлалын хүрээнд хоёр улсын Стратеги түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр баталсан. Хоёр орны Гадаад харилцааны сайд нар энэ хөтөлбөрт гарын үсэг зурж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж, бололцоо нээгдлээ. 2021 он хүртэл хоёр орны хооронд харилцах бүхий л салбарын асуудлыг нэгбүрчлэн тодорхой зааж өгсөн ийм хөтөлбөр батлагдлаа. Мөн хоёр улсын санхүүгийн байгууллагуудын хооронд 2014 онд зурсан байсан баримт бичгийг шинэчилж, Монголын Санхүүгийн зохицуулах хороо, Японы санхүүгийн агентлагийн удирдлага, санхүүгийн чиглэлээр шууд хамтарч ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа.  

Айлчлалын хүрээнд анхаарал татсан өөр нэг асуудал нь Монголын иргэдийг  Япон Улсад дадлагажигчаар ажиллуулах тал дээр яам хоорондын уулзалт, яриа хэлэлцээр болж, тодорхой шийдлүүдэд хүрлээ.

-Энэ удаагийн айлчлалаар эдийн засгийн ач холбогдолтой олон шийдвэр гарсан. Өнгөрсөн хугацаанд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж, хоёр орон хэрэгжүүлсэн. Үүнд үндэслээд цаашид Стратеги түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдэх бол?

-Монгол, Япон хоёр улс 2016 онд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд ялангуяа эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой санал, санаачлагууд гаргаж ажиллах эрх зүйн таатай орчин бүрдэж байгаа. Тухайлбал, хамтарч бизнес эрхэлж байгаа байгууллагуудыг давхар татвараас чөлөөлөх асуудлаар хоёр талдаа ярьж ойлголцож, яриа хэлэлцээрийн түвшинд санал бодлоо хуваалцсан. Үүнийг тодорхой шийдвэр болгох тал дээр анхаарч ажиллана гэж бодож байна.

-Энэ айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын хоёр ч гишүүн явлаа. Нийгмийн  хамгааллын болон эрүүл мэндийн салбарт тодорхой ямар ажлууд хийгдэх вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын уулзалтын үеэр Монголоос Японд ажиллах хүч гаргах асуудлыг ээлж дараатай шийдвэрлэж, энэ оны эхний хагас жилд багтааж Монголоос ажиллах хүч, дадлагажигч гаргах түвшинд яриа хэлэлцээ болсон. Нөгөөтэйгүүр, ажиллах хүчийг гаргахад бэлтгэх асуудлаар нэлээд тодорхой санал солилцсон.



Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нийгмийн чиглэлийн асуудал хариуцаж байгаагийн хувьд эрүүл мэндийн салбар, эмнэлэг үйлчилгээний салбарт Японоос туршлага судлах зүйл асар их байгааг хэллээ. Анагаах ухааны дээд сургуулийн дэргэд эмчилгээ, оношилгооны төв барьж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөр Улаанбаатар хотод орчин үеийн томоохон эмнэлэг барьж байгуулж болох юм гэдэг талаар санал солилцож, Японы эмнэлгийн байгууламжийн үйл ажиллагаатай төлөөлөгчдийн бүрэлдэхүүн очиж танилцлаа.  

-Та Японы парламентын хоёр танхимын даргатай уулзлаа. Японы парламентын зүгээс ч, Засгийн газрын зүгээс ч ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байгаагаа хэлсэн. Хаврын чуулган дөрөвдүгээр сарын 05-нд эхэлнэ. Бид харин төсвийн тодотголоо яаралтай баталсан байх учиртай. Тэгж байж хөтөлбөрт орно. Эрх зүйн зохицуулалтын хувьд амжих болов уу?

-Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Засгийн газраас төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд уг төсөлтэй танилцаж байгаа. Дөрөвдүгээр сарын 05-нд  УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааг нээсний дараа хэлэлцэх эхний асуудал төсвийн тодотгол байна. Төсвийн тодотголыг 7-10 хоногт багтааж хэлэлцэнэ гэж тооцож байгаа. Төсвийн тодотголыг хэлэлцэж дуусвал ОУВС-тай тохирсон цаг хугацаандаа бүх асуудал шийдэгдээд явах бололцоотой.  

-Япон Улсаас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авснаар, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар хоёр улсын хооронд худалдаа эдийн засаг,   хөрөнгө оруулалтын урсгал нэлээд нэмэгдэнэ гэж харж байна. Эрх зүйн зохицуулалтын хувьд УИХ үүнд хэр анхаарч, Засгийн газар хэрхэн дэмжиж ажиллах бол?

-Манай хэвлэл мэдээллийнхэн, иргэд олон түмэн мэдэж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ойлголцож, тохиролцож чадаж байгаа явдлыг зөв зүйтэй гэж олон түмэн үнэлж дүгнэж байна. Өмнө нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр өмнөх Засгийн газрууд санал, санаачлага гаргаж байсан ч  өнөөдрийнх шиг үр дүнд хүрч чадаагүй. Шинэ Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сараас хойш уйгагүй хөөцөлдсөний эцэст ОУВС болон гол хандивлагч улс орнуудын Сангийн сайд, Засгийн газрын төлөөлөлтэй уулзаж, ярилцаж ийм  үр дүнд хүрсэн. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байж, төсвийг эрүүлжүүлэх, эдийн засгийн шинэ орчин бий болгох, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой юм.


Бид гадаадын улс орнуудтай харилцахдаа эрх зүйн орчныг аль болохоор хөнгөлөлттэй, хөнгөвчлөх тал дээр анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Засгийн газар Хэрэг эрхлэх газрынхаа дэргэд Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөл байгуулж, гадаадын хөрөнгө оруулагчдаас гаргаж байгаа санал онолыг сонсож, дүгнэж, эрх зүйн орчинд ямар зүйл хийх, төрийн ажлын харилцаанд хөрөнгө оруулагчидтай хэрхэн яаж хандаж, ажиллах ёстой вэ гэх зэрэг  асуудал дээр УИХ тодорхой чиглэл өгч, ажиллаж байна.  

ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ойлголцож, тохиролцсон явдал нь хандивлагч улс орнуудын зүгээс бидэнд өгч байгаа үнэлэмжийг нэлээд сайжруулж байна. Нэгээр тогтохгүй улс орнууд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр байр суурь илэрхийлсэн байгаа.  

Нөгөөтэйгүүр, энэ гуравдугаар сарын сүүлчээр Хөгжлийн банкны 580 сая ам.долларын төлбөрийн 100 гаруй сая долларын төлбөр хийх бонд арилжаалах саналд 3.3 тэрбум ам.долларын бонд авах санал ирсэн. Үүнээс харахад хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож, өмнө нь бидний алдсан итгэл харьцангуй наашилж, хөрөнгө оруулах итгэл үнэмшил бий болж байна гэж ойлгож, дүгнэж болох юм.

-Эрх баригч нам өрийг өрөөр дарлаа гэсэн шүүмжлэл бас байгаа. Үүнд Та тайлбар хийнэ үү?

-Сөрөг хүчний зүгээс шүүмжлэхийн тулд л шүүмжилж байгаа байх. Сөрөг хүчин эрх барьж байхдаа хариуцлагатай ажилласан бол бид өнөөдөр ОУВС-гийн хөтөлбөр, гадна дотны зээл тусламж гэхгүйгээр улс орныг аваад явах боломж бололцоо байсан. Харамсалтай нь бодлогогүй их хэмжээний зээл авсан. Өндөр хүүтэй, зээлийн үйлчилгээний төлбөр ихтэй ийм зээлүүд авсан. Зээлийн зарцуулалтыг тогтоож өгсөн хэм хэмжээ, эрх зүйн орчноос хэтрүүлсэн. Хэт өндөр өртөгтэй хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх гэж оролдсон. Ийм л асуудлаас болж өнөөдөр улс орны эдийн засгийн байдал ийм хүндхэн болоод байна. Бид төсөвт орж байгаа хөрөнгийнхөө 15-20 орчим хувийг зээлийн хүү, зээлийн үйлчилгээний төлбөрт зарцуулж байна.


Өнөөдөр авсан өрийг бүгдийг төлөх эдийн засгийн боломж байхгүй болохоор бид бололцоотой хэмжээгээр төлж, бас боломжгүйг нь улс орны гадаад нэр хүндийг бодож, тодорхой хэмжээний зээл авч, төлбөрийг хийж гүйцэтгэж явах ёстой. Гэхдээ авч байгаа зээл нь өмнөх зээлүүдээс хүү, үйлчилгээний хувьд хөнгөлөлттэй, эдийн засагт тодорхой тус нэмэр болж байх ёстой гэж үзэж байна.

-Зээлийн зарцуулалтад хяналт тавьж, зөв зарцуулаасай гэдэг мессеж нийгэмд их байна. УИХ ямар хяналт тавих вэ?

-Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ шинэчилсэн найруулгаар Хөгжлийн банк зээл олгох, тэр зээлээр хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж байгаа үйл явцад хяналт тавьдаг, шийдвэр гаргадаг арилжааны банк ямар эрх эдэлж байх ёстой юм, тэр бүгдийг эдэлж байхаар болсон. Ямар нэг нөлөөлөлгүйгээр хөтөлбөр, төслийг санхүүжүүлэх эрх зөвхөн банкиндаа  байх тийм нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн. Үнэн хэрэгтээ өмнө нь Хөгжлийн банк зээл олгож байсан уу, төр засаг олгож байсан уу гэдэг нь мэдэгдэхгүй байсан. Тийм учраас Хөгжлийн банкны тухай хуулийг яаралтай шинэчилсэн. Гэхдээ Засгийн газар, УИХ гол гол эдийн засгийн хэмжүүр, үзүүлэлт дээр хяналт тавьж байх боломж, бололцоогоо авч үлдсэн.   

-Энэ удаагийн зээлүүд, тухайлбал Япон Улсаас авч байгаа зээлийн зарцуулалтын тухайд төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна гэж Сангийн яам мэдээлж байна. Ер нь ямар чиг баримжаа баримтлах бол. Нөхцөлийг илүү тодорхой тайлбарлахгүй бол иргэд бас л урт хугацааны зээл авчихлаа гэсэн ойлголттой байна?

-Зээлийн нөхцөлийг Засгийн газар үргэлжлүүлж ярина. Зээлийг мэдээж хоёр талаасаа харилцан ойлголцож, бие биеийнхээ итгэлийг хүлээсэн тохиолдолд өгч, авдаг. Японы Засгийн газар, Ерөнхий сайд нь зээл олгохоо амласан. Энэ зээл хөнгөлөлттэй, манай улсын санхүүд дэмжлэг болохуйц байна гэж хэлсэн. Нөхцөлүүдийн талаар Сангийн яам, холбогдох байгууллагууд, Засгийн газрын зүгээс  ярилцаж, энэ зээлийг авах ёстой. Ингэснээр төсвийн хүндрэлтэй байдалд тодорхой хэмжээгээр нааштай үр дүн гарах нөхцөл боломж бүрдэнэ. Хэмжээний хувьд бага мөнгө биш.

Бид ОУВС-тай тохирсны дагуу татвар, зарим нийгмийн халамж үйлчилгээтэй холбогдсон асуудлаар амаргүй ойлголцсон, тохиролцсон, үүрэг хүлээсэн. Энэ авч байгаа зээл, хөрөнгийг төсвийг эрүүлжүүлэхэд зөв зүйтэй зарцуулж байна уу, үр дүнтэй байна уу гэдэгт УИХ хяналтаа тавина.  

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл