Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус нийтэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл нь 11 бүлэг, 82 зүйлтэй бөгөөд Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлага зэргийг харгалзан Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох тусгайлсан хууль боловсруулах, Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчинг сайжруулах зэргээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлага үүссэнийг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулж, баталсан байна.
Мөн энэ дугаарт Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас үүдэн Монгол Улсын Засгийн газар олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох, тодорхой үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасантай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд татварын ачааллыг бууруулж, эдийн засгийг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсныг нийтэллээ. Тухайлбал, олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүсэхээр байгаа аж. Иймд Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуульд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөхөөр тусгажээ. Хууль батлагдсанаар эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн хугацаандаа төлөөгүй албан татварт алданги, торгууль тооцохгүй болж, татварын өр хуримтлагдах нөхцөл байдлаас сэргийлэх, татварын ачааллыг бууруулж, эдийн засгийг идэвхжүүлэхэд дэмжлэг болно гэж үзжээ. 2020 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр тусгалаа. Хуулийн төсөл батлагдсанаар коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч буй түрээслэгч түрээсийн төлбөрөө бууруулж иргэд, аж ахуйн нэгжүүдийн түрээсийн төлбөрийн ачаалал буурч, улмаар бизнесийн орчин, эдийн засагт дэмжлэг үзүүлэх аж.
Түүнчлэн “Тогтоолын төсөл буцаах тухай”, “Хуулийн төсөл буцаах тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.