Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Израилийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Израилийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж  өнөөдөр (2017.11.17) Израиль Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн,  УИХ дахь Монгол-Израилын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг ноён Элчин сайдад уламжиллаа. Тэрбээр “Итгэмжлэх жуух бичгээ барих үедээ Монголд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлнэ гэсэн яриагаа ажил хэрэг болгож, хамтын сайхан харилцааг хөгжүүлээрэй  хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга захисан” хэмээв.


Дараа нь Элчин сайд Цви Хэйфецт хандаж хэлсэн үгэндээ “Монгол, Израиль улсад адилхан зүйл олон бий. Гарал үүслийн хувьд адилхан хоньчин. Адилхан өгсөж, уруудсан, амжилтыг бий болгож явсан. Монголчууд Их хааныхаа үед дэлхийд эзэнт гүрэн байгуулж явсан бол Израилийн ард түмэн дэлхийн зургаан тэрбум хүн шүтдэг шашиныг бий болгосон. Бид Төв Азийн цээжинд ардчиллыг хөгжүүлж байгаа бол израилчууд исламын шашинтай орнуудын дунд ардчиллыг дэлгэрүүлж яваа гээд ижил төстэй замналыг туулсан гэж би боддог.

1948 онд танай улсын ард түмэн НҮБ-аар бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлэхдээ хоосон талд майхнаа босгоод улс орноо босгохоор шамдсан бол өнөөдөр эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд эхний 50-д, хүн амд ногдох орлогоороо эхний 20-д орох том гүрэн болсон.

Техник технологийн өндөр хөгжил танай улсын хөгжлийн гол үндэс төдийгүй танай ард түмний санхүүгийн нарийн ухаан  улс орноо хөгжүүлэх хөшүүрэг болдог. Тиймээс бидэнд та бүхнээс суралцах зүйл их байдаг. Монголын эдийн засагт үр ашигтай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллаж, үр шимээ өгсөн хөрөнгө оруулалт манай улсад оруулах хүсэлтийг таньд уламжилж байна” гэв.

Тэрбээр мөн “Хоёр улсын харилцаа Засгийн газрын түвшинд сайн хөгжиж байгаа. Харин  парламент хоорондын харилцаагаа сайжруулах шаардлага байна” гэлээ.

Хариуд нь ноён Элчин сайд “Бид бүхэн тодорхой хэмжээгээр ажил ярьж байгаа. Танай улсын хөдөө аж ахуйн салбарт Израилийн техник технологийн ололтыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Бид энэ талаар санаачлагатай, хурдтай ажиллана” хэмээв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Израилийн парламентын бүлгийн гишүүн З.Нарантуяа байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл