УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төвбанк (Монголбанк)-тай хамтран өнөөдөр (2017.11.28) Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулга, хэлэлцүүлгийг хийв.
Эл арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, М.Оюунчимэг, З.Нарантуяа болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, арилжааны банкнуудын төлөөлөл оролцсон юм.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан хэлсэн үгэндээ “Монгол Улсын банкны систем 27 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй. Үүнээс 12 хувь нь банкны хөрөнгө байдаг. Харин үлдсэн 88 хувь буюу олон нийтийн хөрөнгийн өмнөөс Төвбанк шийдвэр гаргадаг. Тиймээс хуулийн төсөлд Төвбанкны чадамжийг илүү хүчтэй болгох өөрчлөлт оруулж байгаа. Мөн банкны гүйцэтгэх удирдлагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлсэн заалтуудыг тусгасан” гэлээ. Харин олон нийтийн дунд яригдаад байгаа банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох талаар зүйл, заалт энэ хуулийн үзэл санаанд ороогүй гэдгийг онцлон хэлэв.
Дараа нь Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал Б.Ганбат Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийсэн. Тэрбээр хуулийн төслийн үзэл баримтлал, банкны эрсдэлд суурилсан хяналт шалгалт, зохистой засаглал, бүтцийн өөрчлөлт болон эрх зүйн хамгаалалтын талаар товч танилцуулсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, З.Нарантуяа нар асуулт асуув. Тэд арилжааны компани охин компани үүсгэх эрхтэй эсэх, Төвбанкны бодлогын хүү, ипотекийн зээлийн хүүгийн аргачлалыг хэрхэн бодож байгаа талаар тайлбар өгөхийг хүссэн.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Банкны тухай хууль нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 95 хувийг зохицуулдаг чухал хууль гэдгийг тэмдэглээд, асуултад хариулав. Тэрбээр “Арилжааны банк нь өөр компанийн охин компани, мөн өөрөө охин компанитай байж болдог. Зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог долоон төрлийн зөвшөөрлийн хүрээнд охин компани үйл ажиллагаа явуулж болно.
Зээлийн хүүгийн дээд хязгаар тавих асуудал хууль эрх зүйн талаасаа болон онол, практикийн талаасаа боломжтой байдаг. Гэхдээ бүх зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох боломжгүй. Бид хуулийн төсөлд “зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно/болохгүй” гэж нээлттэй байдлаар тусгасан. Асуудлыг тусад нь нухацтай авч үзэх шаардлагатай” гэлээ. Түүнчлэн Төвбанкны бодлогын хүү одоогийн байдлаар 12 хувь байгаа бөгөөд яваандаа буурах боломжтойг тайлбарласан.
Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хоёр талын эрх ашгийг аль болох хангасан байхын тулд Төвбанк, арилжааны банкийг оролцуулан ажлын хэсэг байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Мөн банкны эргэлтийн хөрөнгийн 88 хувийг ард иргэдийн мөнгө эзэлдэг учир Монголбанк арилжааны банкинд хатуу хяналт тавьж, хянах нь зөв. УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн гаргасан арилжааны банк охин компанитай байхыг дэмжихгүй гэсэн саналыг дэмжиж байгаагаа энэ үеэр хэллээ.
Хэлэлцүүлгээр зээлийн хүүг бууруулах, зээлдэгчийн түүхийг харж барьцаа хөрөнгөгүй зээл олгох, арилжааны банкаар дамжуулж авсан гадаад банкны зээлийн суутгах татварыг болиулах, Валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчлэх зэрэг саналыг гаргаж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.