Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ санаачлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахара, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч ноён Роберт Шоэллхаммэр, Дэлхийн банкны суурин төлөөлөгч, хатагтай Корали Геверс нарыг 2013 оны 12-р сарын 3-4-ний өдрүүдэд хүлээн авч уулзан НҮБ болон олон улсын донор, хандивлагч байгууллагуудаас манай улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл явц, үр дүнтэй танилцаж, цаашид 2014 онд нийгмийн салбарт хамтран ажиллах бодлого, чиглэлийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ Монгол Улсын хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, хамгааллын салбарт буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл тусламжийг үзүүлэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүдэд эдгээр хандивлагч, донор байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн ажлын үр дүн, үйл ажиллагаа, санхүүжилтийн тайлангийн талаарх мэдээлэл хангалтгүй байгааг дурдаад нийгмийн салбарын бодлого, хууль тогтоомжийг боловсруулж, хэлэлцэн баталдаг Улсын Их Хурлын гишүүдийг холбогдох мэдээллээр хангах, харилцан мэдээлэл солилцохын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр бид эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын салбарт төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газартай илүү түлхүү хамтарч ажиллаж байсан бол Монгол Улсад үзүүлэх зээл тусламжийн зэрэглэл өөрчлөгдсөнтэй холбогдуулан зээлийн гэрээг УИХ-аар соёрхон батлуулж байна гэв. Азийн хөгжлийн банк эрүүл мэндийн салбарт 4 төсөл хэрэгжүүлж, нийт 83 сая ам долларыг зарцуулсан бөгөөд цаашид иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцооны цахим системийг боловсронгуй болгох, эм, эмийн бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг зохицуулдаг агентлаг байгуулах, эмийн зохисгүй хэрэглээг бууруулах, эмнэлгүүдийн талаар баримтлах бодлого, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах, Сонгинохайрхан дүүрэгт загвар эмнэлгийг барих, эмнэлгүүдийн менежментийг сайжруулах сургалт зохион байгуулах, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа дурдлаа.

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараа мэдээлэл, санал солилцохоор урьсанд талархал илэрхийлээд саяхан НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн 2013 оны үр дүнгийн тайлангийн хурлаар хэлэлцүүлсэн материалаа хүргүүлэхээр болов. Монгол Улсад зээл тусламж үзүүлж буй донор байгууллагууд төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, тэдгээрийн давхцлыг арилгах, буцалтгүй болон зээл тусламжийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэгт хүргэх, харилцан уялдаа холбоогоо сайжруулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан мэдээлэл, санал солилцдог тухайгаа дурдав.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч, хатагтай Корали Геверс Байнгын хороодтой илүү ойр дотно хамтран ажиллахаа илэрхийлээд тус байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг танилцууллаа. Дэлхийн банк сургуулийн өмнөх боловсролд түлхүү анхаарч, цэцэрлэг, сургуулийг шинээр барихад 40 сая ам долларыг зарцуулжээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 17 цэцэрлэг, хөдөө орон нутагт гэр цэцэрлэгийг шинээр барихаар төлөвлөсөн байна. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран сургалтын чанар, агуулгыг сайжруулах асуудлаар төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаагаа онцлов. Бага ангийн сурагчдыг уншиж, бичих чадварыг дээшлүүлэх, номын санг шинээр бий болгох, багш нарын багшлах, заах ур чадварыг нэмэгдүүлэх, тэтгэврийн бодлогын шинэчлэлийн хувилбаруудыг боловсруулах төслийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа аж.

Уулзалтын үр дүнд эдгээр донор болон хандивлагч байгууллагууд тус Байнгын хороотой хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож, шинэлэг арга барилаар хамтран ажиллахаар болов.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл