Цэс

Холбоо барих

Мэндчилгээ

Эрхэм иргэн Таны энэ өдрийн амгаланг айлтгая.

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөе.

Монгол Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр шинэ парламент байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ удаагийн парламентын бүрэлдэхүүнд Монгол Ардын Нам 65, Ардчилсан Нам 9, Монгол Ардын Хувьсгалт Нам, бие даагч тус бүр 1 төлөөлөлтэй байна. УИХ-д сонгогдсон нийт гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх 6 удаагийн парламентуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм.

УИХ өмнөх парламентын адил 8 байнгынхороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, Монголын ард түмний засаглах эрхийг хангах нь УИХ-ын эрхэм зорилго билээ. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг чанд баримтлан ажиллах үүрэгтэй.

Түүнчлэн УИХ-ын стратеги зорилтуудын нэг нь ардчилсан зарчимд тулгуурлан, үйл ажиллагааныхаа ил тод, нээлттэй байдлыг бүх талаар хангах явдал юм. Энэ зорилтын хүрээнд парламентын өдөр тутмын үйл ажиллагааг нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх, иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мэдээллээр тасралтгүй хангахыг чухалчилж байна.

УИХ-ын хууль тогтоох болон хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оруулах хувь нэмэр ихээхэн үнэ цэнэтэй. Хуулийн төслийг боловсруулахаас эхлээд хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх бүхий л үе шатанд Та бүхний санал бодол, зөвлөгөө дэмжлэг чухал ач холбогдолтой билээ.

Бид эрхэм сонгогч, иргэд Та бүхэнтэйгээ ямагт хамт байх болно. Парламент-иргэний хамтын ажиллагаа энэ удаагийн УИХ-д илүү өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл