Улсын Их Хуралд иргэдээс ирүүлсэн нийт өргөдлийг салбараар нь ангилвал:
- Засгийн газрын харьяа асуудал 10;
- Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал 28;
- Сангийн асуудал 14;
- Хууль зүй, дотоод хэргийн асуудал 47;
- Барилга, хот байгуулалтын 13;
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын асуудал 19;
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал 153;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал 2;
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал 1;
- Эрүүл мэндийн асуудал 14;
- Батлан хамгаалах 4;
Ахуйн шинжтэй хувийн асуудлаар хандсан өргөдлүүдэд сургалтын төлбөр, орон сууц, гэртэй болох, ажилд орох, мөнгө санхүүгийн туслалцаа авах, Улсын Их Хурлын гишүүдтэй уулзах, зөвлөгөө авахыг хүссэн өргөдлүүд нэлээд хувийг эзэлж байна.
Өргөдлийн байнгын хороонд нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар дараахь саналуудыг ирүүлжээ. Үүнд:
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын хүрээнд ирүүлсэн саналууд тухайлбал агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, иргэд ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд хохирол учирч, амьсгалын замын өвчин ихсэж, ураг амьгүй болох зэрэг олон ноцтой асуудал үүсч байгаа тухай;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Цэвэр агаар сан байхаар тусгах, сангийн хөрөнгийг иргэд, иргэний нийгмийн байгууллагын хөндлөнгийн хяналтын дор зарцуулж, ил тод мэдээлдэг байх;
Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай;
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох тухай;
Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахдаа хэдэн жилийн өмнөөс сайтар судалгаа хийж, тухайн газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байхаар хуульд тусгах, зарим тохиолдолд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа тухайн газрыг улсын тусгай хамгаалалтад авсан тохиолдол гарсан нь компанийг хохироосон асуудал гарч байсан тул анхаарах;
Орон нутгийн засаг захиргаанд албан хаагчдыг цомхотгох, хавтгайрсан халамж, үргүй зардлыг багасгах, оюутануудад нийтэд нь тэтгэмж өгөхийг болиулах, баялгаа зөв зохистой ашиглах, сургалтын хөтөлбөрт эх оронч үзлийг төлөвшүүлэх, бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх;
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулах, борлуулах, сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх;
Гэр хороололын дахин төлөвлөлтийн дагуу газраа чөлөөлсөн ч бүтээн байгуулалтын ажил удаашран иргэдийг хохироож байгаа тул яаралтай холбогдох арга хэмжээ авах;
Хууль эрх зүйн судлаач, шинжээч, шүүмжлэгч нарын нээлттэй сонсгол хийж хууль боловсруулах, ажилд тэднийг сайн дурын үндсэн дээр татан оролцуулах;
Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа болон Цагдаа, шүүхийн холбогдох ажилтан албан тушаалтнуудын ажлын хариуцлага, ёс зүйн асуудлаар гаргасан гомдлууд нэлээд хувийг эзэлж байна.
Өргөдлийн байнгын хорооны ажлын алба