Улсын Их Хуралд 2016 оны 11 дүгээр сард иргэдээс 328 өргөдөл ирүүлснээс 87 өргөдлийг Улсын Их Хурлын гишүүнд гарт нь хаяглан ирүүлсэн байна. Нээлттэй ирүүлсэн 241 өргөдлөөс 38 өргөдөл Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд, 203 өргөдөл бусад байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байна. Улсын Их Хурлын дарга, гишүүдэд 248 өргөдөл, Өргөдлийн байнгын хороонд 80 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд ирүүлсэн нийт өргөдлөөс 123 өргөдлийг шийдвэрлэж, хариуг өгсөн бөгөөд 205 өргөдөл судлах шатанд байна.
Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлийг салбараар нь ангилвал:
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудал 14;
- Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал 5;
- Гадаад хэргийн асуудал 3;
- Сангийн асуудал 21;
- Хууль зүй, дотоод хэргийн асуудал 25;
- Барилга, хот байгуулалтын 4;
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын асуудал 22;
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал 99;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал 1;
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал 4;
- Эрүүл мэндийн асуудал 12;
- Шагналын асуудал 3;
- Бусад асуудал 37.
Ахуйн шинжтэй хувийн асуудлаар хандсан өргөдлүүдэд сургалтын төлбөр, орон сууц, гэртэй болох, ажилд орох, эд материал, мөнгөн тусламж авах, УИХ-ын гишүүдтэй уулзах, зөвлөгөө авахыг хүссэн өргөдлүүд нэлээд хувийг эзэлж байна.
Өргөдлийн байнгын хороонд нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар дараахь саналуудыг ирүүлжээ. Үүнд:
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөн олговор олгох ажлыг дуусгавар болгох, иргэдийн өргөдлийг барагдуулах асуудалд анхаарах;
- Төрийн сүлдний загварыг өөрчилж, 1960 оны загвараар батлах;
- Байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулах явдал орон нутагт их гарч байгаа тул холбогдох байгууллагуудын хяналтыг сайжруулах, компаниудаар нөхөн сэргээлт хийлгэж, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг гаргаж, нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг сайжруулах;
- Соёлын биет өвийг хаягжуулах, хашаажуулах, эзэнжүүлэх, гэрээгээр хамгаалуулах, байгаль хамгаалагчийг чиг үүрэгт соёлын биет өвийг хамгаалах ажлыг тусгайлан заах;
- Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч Үлэг гүрвэлийн төв музейг Шинжлэх ухааны академийн Палентеологийн төв музейтэй нэгтгэн байгуулах ажлыг зохион байгуулах;
- Рейлбус галт тэрэгний зорчих тасалбарын үнийг бууруулах;
- Нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг бууруулах арга хэмжээ авах, шилжилт хөдөлгөөний хураамжийг нэмэгдүүлэх, хөдөө, орон нутагт орон сууцны хорооллууд барих;
- Шинээр баригдсан орон сууцнууд Барилгын тухай хууль тогтоомжийг биелүүлээгүйгээс цахилгаан, эрчим хүчинд холбогдоогүй, улмаар захиалагчдыг орон сууцанд оруулж, цахилгаан, эрчим хүчний хангамжгүй нөхцөл байдалд амьдруулж, хохироож байгаад хяналт тавих;
- Жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, малын гаралтай түүхий эдийг боловсруулан борлуулах, сум, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх;
- Ахмад настны хөгжил, хамгааллын бодлогыг сайжруулах, ахмадын урлан бүтээх төв байгуулах, Монголчуудын амьдрах ухаан, соёл, ёс заншлын өв уламжлал, мэдлэгийг ахмадуудаар бичүүлж ном бүтээн хойч үедээ үлдээх, МҮОНРТ-ийн хөтөлбөрт “Ахмадын цаг” төлбөргүй нэвтрүүлгийг гаргадаг болгох, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөлд ахмадуудыг хамруулах;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тахир дутуугийн тэтгэврийг улсад ажилласан жилээс хамааруулан нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхлэн явуулдаг аж ахуйн нэгж, дэлгүүр, мухлагийг үйл ажиллагааны зарим зардао, хогны төлбөрөөс тодорхой хугацаагаар чөлөөлөх, хөнгөлөх;
- Эрдэнэтийн анхдагчдын нийгмийн асуудалд анхаарах, орон сууц олгох;
- Төрийн банкны хувьчлалтай холбоотойгоор олон ажилтан ажлаас халагдаж байгаад анхаарал хандуулах
Өргөдлийн байнгын хорооны ажлын алба