Шинжлэх ухаан, технологийн тухай хууль болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолын хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан цаашид шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг тус байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор байгуулсан юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулсан тус ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2017.01.09/ шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хүрээлэнгүүдийн удирдлага, эрдэмтэдтэй уулзан санал солилцлоо.
Ажлын хэсэг хоёр хуваагдан ажилласан бөгөөд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, А.Ундраа нар Олон улсын харилцааны хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Палентологи, Геологийн хүрээлэн, Одон орон геофизикийн хүрээлэн, Уул уурхайн хүрээлэн, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэн, Цөмийн физикийн судалгааны төвийн удирдлага, ажилтнуудтай уулзлаа.
Энэхүү уулзалтын өмнө гишүүд “Улаанбаатар” их сургуулийн Археологийн музейн үйл ажиллагаатай танилцсан юм.
Тус музейд МЭӨ 2500-1800 жилийн Чемурчекийн соёл, монгол нутаг дахь хүрэл зэвсгийн үеийн соёлыг илтгэсэн ордворууд, Хүннүгийн үеийн язгууртны булшнаас олдсон олдворуудыг дэлгэн тавьжээ. “Улаанбаатар” их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар музейн үзмэрүүдээ гишүүдэд тайлбарлахдаа үнэт олдворуудаа банкны хайрцаг түрээслэн хадгалдаг хэмээн хэлсэн. Цаашид музейн үзмэрүүдээ Төрийн түүхийн музейд үнэлэн өгч, тэрхүү мөнгөөр археологийн судалгааны ажлыг өргөжүүлэх бодолтой байгаа талаараа ч мөн дурдаж байлаа.
Үүний дараа гишүүд шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн удирдлагуудтай уулзсан.
Уулзалтын эхэнд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцтай газар дээр нь танилцах, тэдгээр хууль, тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар ярилцахаар ирлээ. Үүний дараа Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөллийг оролцуулсан нэгдсэн хэлэлцүүлгийг энэ сарын 24-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар бэлтгэж байна. Уулзалт ярилцлага, газар дээр нь танилцах явцад гарсан санал хүсэлт болон нэгдсэн хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт зөвлөмжийг нэгтгэн ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлж, Байнгын хороонд танилцуулан, шаардлагатай бол холбогдох шийдвэрийг гаргуулах болно хэмээсэн юм.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр, улсын хэмжээнд шинжлэх ухааны салбарт 1726 хүн ажиллаж байгаагийн 882 нь ШУА-ийн хүрээлэнгүүдэд ажиллаж байна. 2017 оны төсөвт эрдэм шинжилгээний зардалд 1.2 тэрбум, хөрөнгө оруулалтад зориулан 2 тэрбум төгрөг нэмж тусгасанд талархаж байгаа. Шинжлэх ухааны академийн 10 хүрээлэнгийн 6 нь байгалийн шинжлэх ухааны, 4 нь нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Түүх, археологийн чиглэлийн үйл ажиллагаа дэлхийн түвшинд хүрсэн. Палентологийн шинжлэх ухааны ололтоор манай улс дэлхийн шилдэг 3 орны тоонд багтсан гэлээ.
ШУА-ийн ерөнхийлөгч уулзалтын үеэр 2015 оны эхээр хүрээлэнгүүдийг эрдэмтэд судлаачдын саналыг асуулгүй нийлүүлэх шийдвэр гаргасан гээд энэ нь хүрээлэнгүүдийн үйл ажиллагаанд таагүй нөлөө үзүүлсэн гэлээ. 2016 оны тавдугаар сард Палентологийн хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлэх шийдвэр гарч, тэнд ажиллаж буй 40 гаруй ажилтныг хэрхэх асуудал тулгараад байна гэж хэлсэн.
Эрдэм шинжилгээний салбарт ажиллагсдын цалин 2009 оноос хойш огт нэмэгдээгүйгээс гадаадад сургууль төгсч ирсэн, мэдлэг чадвартай залуусыг тогтооход хүнд болоод байгаа талаар ч мөн дурдсан. Энэ салбарын ажилтнуудын дундаж цалин 670 орчим мянган төгрөг байгаа юм байна.
Уулзалтын үеэр шинжлах ухааны салбарын зардлыг нэмэгдүүлэх асуудал, судалгааны чанар, хүний нөөц, энэ салбарынханд тулгарч буй асуудлын талаар нээлттэй ярилцаж, гишүүд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн өдөр ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Ганболд нар Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Газар зүй-Геоэкологийн хүрээлэн, Математикийн хүрээлэн, Боловсролын хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэнгийн удирдлага, ажилтнуудтай ХААИС-ийн байранд уулзсан юм.
Уулзалтын үеэр хүрээлэнгүүдийн удирдлагууд төрөөс эрдэм шинжилгээний байгууллагуудыг бодлогоор дэмжих нь чухал байна хэмээж байлаа. Эрдэмтэд оюуны өмчийг үнэлдэг хуулийн зохицуулалт дутагдаж байгааг онцолж байсан. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, татварын бодлогоор дэмжих, эрдэм шинжилгээний ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарал хандуулахыг хүсч байсан. ХААИС-ийн Инноваци хөгжлийн төвийн захирал Б.Мөнхбат хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллагыг дэмжиж ажиллах хэрэгтэй байна гэж байлаа. Тэрбээр, орон нутгийн төсвөөс шинжлэх ухааны салбарыг санхүүжүүлэх хувийг тодорхой болгох, үйл ажиллагаа нь унтраад байгаа шинжлэх ухаан, технологийн паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж хэлсэн. Паркуудын үйл ажиллагаа доголдсоноос болоод лабораторид гаргаж ирсэн нээлт, мэдлэг, инноваци үйлдвэрлэлд нэвтэрч чадалгүй үр дүнгүй болж өнгөрөөд байна гэлээ.
Уулзалтад оролцсон эрдэмтэд хөдөө аж ахуйн салбарын хөгжил, суурь шинжлэх ухааны хөгжил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлсэн. Уулзалтын дараа гишүүд Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.