Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 16 дахь дугаарын тойм

 Эмхэтгэлийн шинэ дугаарт, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэллээ.

Эдгээр хуулиар “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна”, “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна” гэсэн өгүүлбэрийг тус тус хассан байна.

Мөн дугаарт, Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай, Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

Түүнчлэн эмхэтгэлд нийтлэгдсэн Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, уялдаа холбоог хангах, энэ ажилд төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөнд хяналт шинжилгээ хийх, түүнд тулгуурлан цаашид баримтлах бодлогыг тодорхойлох, бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хяналт шалгалтыг сайжруулах, иргэдийн ахуйн хэрэглээний мод, модон материалын эрэлтэд нийцсэн нийлүүлэлт бүхий тогтвортой менежментийн “сайн засаглал”-ын тогтолцоог бий болгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг Засгийн газрын тогтоолоор шинэчлэн баталжээ.

Эмхэтгэлд холбогдох хуульд заасны дагуу Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг бүрэн эхээр нь нийтэллээ.

Энэ удаагийн илтгэлд, хөдөлмөрлөх эрхийн, гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн зарим асуудал, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш байдлын зарим асуудалд анхаарал хандуулсан байх бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Их Хуралд шийдвэр гаргуулахаар хүргүүлж буй зөвлөмжийг нийтэлсэн байна гэж УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл