Цэс

Холбоо барих

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар  хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Д.ГАНБАТ

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, дараах санал, дүгнэлтийг гаргаж байна.

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 1, 2 дугаар шүүхүүдийн байрших газрын нэрийг тус тус “Улаанбаатар” гэж заасныг тодотгон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг харьяалах шүүхийн байршлыг “Улаанбаатар /зүүн бүс/” гэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийг харьяалах шүүхийн байршлыг “Улаанбаатар /баруун бүс/” гэж өөрчлөх саналыг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанд уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналын дагуу тус Байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлийн 361.4 дэх хэсэг, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тус тус үндэслэн “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулж байна.

Уг тогтоолын төсөлд Шүүх байгуулах тухай хуульд оруулж байгаа өөрчлөлттэй уялдуулан дүүргийн 1 дүгээр прокурорын газрын байрших газрын нэрийг “Баянзүрх дүүрэг” гэснийг “Улаанбаатар /зүүн бүс/”, дүүргийн 2 дугаар прокурорын газрын байрших газрын нэрийг “Сонгинохайрхан дүүрэг” гэснийг “Улаанбаатар /баруун бүс/” гэж өөрчлөхөөр тусгалаа.

Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, З.Энхболд нар цаашдаа шүүх, прокурорын газар, тахарын алба, эвлэрүүлэн зуучлал, хууль зүйн туслалцаа үзүүлэх төв болон холбогдох бусад байгууллагууд нэг байранд төвлөрөн үйл ажиллагаа явуулахаар болж байгаа тул тухайн байранд оноосон нэр өгөх, Улаанбаатар хотод баригдах шүүхийн хоёр байрыг барих төсвийг Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед тусгах асуудлыг анхаарах зэрэг асуудлаар саналаа илэрхийлсэн болно.

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гарсан зарчмын зөрүүтэй саналыг Та бүхэнд тараасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                         Ш.ТҮВДЭНДОРЖ



ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ
САНАЛЫН ТОМЬЁОЛОЛ


Хууль зүйн байнгын хороо дэмжсэн санал

1.Хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг дараах байдлаар өөрчлөн найруулах:

“1 дүгээр зүйл.Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн Нэг дэх хэсгийн 1 дэх заалт, Хоёр дахь хэсгийн 1 дэх заалтын “Баянзүрх дүүрэг” гэснийг “Улаанбаатар /зүүн бүс/” гэж, мөн зүйлийн Нэг дэх хэсгийн 2 дахь заалт, Хоёр дахь хэсгийн 2 дахь заалтын “Сонгинохайрхан дүүрэг” гэснийг “Улаанбаатар /баруун бүс/” гэж тус тус өөрчилсүгэй.”

Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин


--000--


Төсөл
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны … дугаар                                                                                                                                                                                                                           Улаанбаатар
сарын -ны өдөр                                                                                                 Дугаар …                                                                                                                          хот

“Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт,
цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад
өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлийн 361.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.”Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын 1993 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дахь хэсгийн 1 дэх заалтын “Баянзүрх дүүрэг” гэснийг “Улаанбаатар /зүүн бүс/” гэж, 2 дахь заалтын “Сонгинохайрхан дүүрэг” гэснийг “Улаанбаатар /баруун бүс/” гэж тус тус өөрчилсүгэй.


Гарын үсэг

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл