Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсэг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13.00 цагаас Төрийн ордны Г танхимд хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Ажлыг хэсгийн гишүүн А.Бакей, С.Ганбаатар нар оролцлоо.
Мөн хуралдаанд Ажлын дэд хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын даргын зөвлөх З.Нарантуяа, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.АлтанОд, тус яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Соёлын төвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, Соёл, спорт аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн дарга Д.Гэрэлчулуун, Орхоны хөндийн дурсгалт газрын хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны дарга, доктор Ж.Батсуурь, Монголын ИКОМОС-ын Үндэсний хорооны Ерөнхийлөгч Н.Уртнасан, Соёл, спорт аялал жуулчлалын яамны Соёл урлагийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн Б.Даваацэрэн, Соёл, спорт аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Батцэцэг болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр Байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс төсөлд тусгуулахаар гаргасан санал тус бүрээр саналын томьёолол бэлтгэн, саналуудтай холбогдсон шаардлагатай мэдээллийг бэлтгэж танилцуулах, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх тал дээр анхаарч ажиллахыг Байнгын хорооны Ажлын албаны ажилтнуудад үүрэг болголоо.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Ажлын дэд хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр хуулийн төсөлд тусгагдсан шинээр байгуулагдах байгууллагын бүтэц, орон тоо, ажлын байрны тодорхойлолт болон Соёлыг өвийн төвд нэмэгдэж байгаа чиг үүргийг тодорхой болгох, түүх соёлын дурсгалт газарт хайгуулын болон ашиглалтын лиценз олгохгүй байх талаар төсөлд тусгах талаар тайлбар гаргах, биет болон биет бус, түүх соёлын үл хөдлөх болон хөдлөх дурсгалуудад хамааруулах жагсаалт тус бүрээр тайлбар гаргаж, дараагийн Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.
Ажлын дэд хэсгийн хуралдаан 14.50 цагт өндөрлөлөө.
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА