Цэс

Холбоо барих

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр                                                                                                                                                                           Улаанбаатар  хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Ц.ОЮУНБААТАР

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүн таслах ажиллагаанд иргэдийн төлөөлөгч санал өгөх эрхтэйгээр оролцох, шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргалдагч талууд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авах боломжтой байх, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт, зарчим, байцаан шийтгэх ажиллагаа явуулах үндэслэлийг хөндсөн өөрчлөлтүүдийг тусгасан байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа захиргааны эрх зүйн маргаанд нутаг дэвсгэрийн харьяаллаар нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагаанд иргэдийн төлөөлөгч шүүхийн шийдвэр гаргахад санал өгөх эрхтэйгээр оролцох, түүнчлэн тэдгээрийн эрх, үүргийг томьёолох, Шүүхийн тухай багц хуулиар харьяалуулсан хуульчдын мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг шүүхийн хяналтад оруулах зэрэгтэй уялдсан нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт иргэдийн төлөөлөгч нь шүүхийн процессын ажиллагаанд оролцож байгаатай холбогдуулж тодорхой дүрэм, журам гаргаж нарийвчилсан зохицуулалт хийх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны процесст иргэдийн төлөөлөгч тухайн хэрэг гэмт хэрэг мөн эсэхийг нь авч үздэг байхаар, төслийн 71 дүгээр зүйлийн 71.5 дахь хэсгийн заалтыг иргэд шүүхийн бүх шатанд иргэний хэрэг дээр хоорондоо тохиролцож болно гэдэг санааг ойлгомжтой байдлаар томьёолох, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар иргэдийн төлөөлөгчийн оролцоо, зохицуулалт, хамгаалалтын асуудлыг бусад хуульд хэрхэн тусгасныг судлах, төслийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгтэй холбогдуулан Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн зөвлөгөө авах, өөрөө өөрийгөө өмгөөлөх, дадлага туршлага бүхий бусад этгээдээр төлөөлүүлэх эрхийг хөндөж байгаа эсэхийг анхаарах зэрэг саналыг хэлж байсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                               Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл