Цэс

Холбоо барих

Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн байнгын хорооны танилцуулга

2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Р.Бурмаа

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Хууль зүйн байнгын хороо 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгаж эцсийн хувилбарын төсөл болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нийцүүлэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын шинжтэй нэмэлт, өөрчлөлтийг тусгасан.

Түүнчлэн Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгаж, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбарыг Та бүхэнд тараасан болно.

Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.


Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.


Анхаарал тавьсанд баярлалаа.




ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                                    Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл