Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн 2013 оны 11-р сарын 12-ны өдрийн хуралдааны тойм

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгээс өргөн мэдүүлсэн Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14:00 цагт Төрийн ордны “Г” танхимд болов.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан удирдаж, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей болон Ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан Ажлын дэд хэсгийн хүрээнд саналаа нэгтгэх, Монгол судлалын асуудлаар Засгийн газар саналаа ирүүлсэн тухай дурдаад гишүүд тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй саналаа нэгтгээд цаашид ямар хувилбараар ажиллахаа тогтсон гэв. Тогтоолын төсөлд дурдагдсан шинжлэх ухааны зарим хүрээлэнгүүдийг татан буулгах асуудал байхгүй, харин Монгол судлалын асуудлаар Үндэсний зөвлөл байгуулах асуудал дээр санал нэгдсэн гэдгээ хэлээд Боловсрол, шинжлэх ухааны яамны саналыг сонсохыг хүслээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Б.Ургамалцэцэг Ажлын дэд хэсгийн хурлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцээд шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачдын саналыг тусгасан санал, дүгнэлтээ хүргүүлсэн, харин тогтоолын төслийн хэлбэрт оруулаагүйд уучлал хүсэв.

Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нэгэнт Ажлын хэсэг хуралдаад шийдсэн асуудлыг дахин ярьж, тайлбар хийх хэрэггүй гээд зарчмын хувьд тохиролцсон асуудал болох Үндэсний зөвлөл байгуулах, Монгол судлалын сантай хэрхэн уялдах талаар тогтоолын төслийг бэлтгэхийг Ажлын дэд хэсэгт үүрэг болголоо.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей Монгол судлалын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хоорондын уялдаа холбоог зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах, зөвлөл нь Монгол судлалыг дэмжих санг ерөнхийд нь удирдлагаар хангаж, зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулах хэрэгтэйг дурдаад сүүлийн 20 жилийн хугацаанд шинжлэх ухааны байгууллагуудыг төдийлөн сайн дэмжсэнгүй, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг нэгтгэх, салгах хувилбарыг судлаачдын хувьд дэмжихгүй байгаагаа илэрхийлээд зарчмын зөрүүтэй саналуудыг тусгасан тогтоолын төслийг боловсруулан оруулж ирэхийг онцлон дурдлаа.

Хуралдаанд оролцсон гишүүд Ажлын хэсгийн зарчмын хувьд тохиролцсон саналын томъёолол болон Монгол судлалын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, чиг үүргийг Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусган оруулж ирэхийг Ажлын дэд хэсэгт үүрэг болгов.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл