Цэс

Холбоо барих

Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр                                                                     
Улаанбаатар   хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Р.БУРМАА

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Хууль санаачлагч дээрх хууль, тогтоолын төслүүдийг Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор боловсруулжээ.

Тус Байнгын хорооны хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт шүүгч болон бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг цаашид тусгай хуульд нэгдсэн байдлаар тусгах, хууль, тогтоолыг ердийн журмаар болон тодорхой хугацаа зааж хүчин төгөлдөр дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байсан болно.

Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                                                                                             Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл