“Газрын ашиглалт ба хамгаалалт, салбар дундын зохицуулалт”
сэдэвт уулзалт, зөвлөгөөн боллоо
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Газрын ашиглалт ба хамгаалалт, салбар дундын зохицуулалт” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг Газрын шинэтгэлийн үндэсний хороо, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 09.00 цагт Төрийн ордны Б танхимд зохион байгуулав.
Зөвлөгөөнийг нээж Байнгын хорооны дарга Г.Баярсайхан үг хэлсэн бөгөөд зөвлөгөөнд БХБЯ, БОНХЯ, ҮХААЯ, УУЯ, Газрын шинэтгэлийн үндэсний хороо, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Ашигт малтмалын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн өмч, газрын харилцааны алба, МСС-ийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн төсөл, ТББ-ын төлөөлөл болон ШУТИС, ХААИС-ийн эрдэмтэн багш нар оролцож санал бодлоо хуваалцав.
Уулзалт-зөвлөгөөний үеэр дараах сэдвээр илтгэл тавьсан болно. Үүнд:
Газрын ашиглалт ба хамгаалалт-салбар дундын зохицуулалт /Газрын шинэтгэлийн үндэсний хороо/
Монгол Улсад Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулах, түүний удирдлага, зохион байгуулалт /ГХГЗЗГ/
Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголын ажлын талаар /Газар дэлхий ТББ/
Хөдөө аж ахуйн газрын ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдал /ҮХААЯ/
Ашигт малтмал хайх, ашиглах газрын сан-тулгамдсан асуудлууд /УУЯ/
Бэлчээрийн экологийн чадавхид суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэвтрүүлэх нь /ҮХХААЯ/
Газар, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, уялдааг хангахад шаардагдах арга хэмжээ /МСС-ийн хөрөнгийн эрхийн төсөл/
Кадастрын бүртгэлийн систем /Топмап ХХК/
Байгаль орчны салбарын орон зайн мэдээллийн сан /БОНХЯ/
Зөвлөгөөний үеэр тавьсан илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид асуулт асууж, санал хэлсэн бөгөөд уулзалт, зөвлөгөөний зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтов.
/Илтгэлүүдийг myparliament-д байршуулсан болно/
Зөвлөгөөн 16.00 цагт өндөрлөв.