Цэс

Холбоо барих

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

2013 оны 11 дүгээр                                                                                                                                                                                                  Улаанбаатар
сарын 06-ны өдөр                                                                                                                                                                                                              хот

                                                                                                                                                                                             Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
                                                                                                                                                                                                                 Д.Ганбат
   
Төсвийн байнгын хороо дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2013 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдийн нэгдсэн хуралдаанаараа хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн билээ.

Хууль зүйн байнгын хороо эдгээр хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хийж, дараах санал, дүгнэлтийг гаргаж байна:

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл нь  шүүгчдийн цалин хөлс болон шүүхийн хөрөнгө оруулалтын төсвийн саналыг Улсын Их Хуралд шууд оруулахаар тусгагдсан нь хуулийн хоёрдмол утгатай байгаа бол засах, төсвийг төлөвлөх, хэлэлцэн батлах эрх мэдэл нь Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газартаа байх нь зүйтэй мөн Засгийн газрын төслөөр шүүгчийн цалин буурахаар байгаа бол энэ нь шүүхийн нөхцөл байдлыг дордуулна гэсэн үг иймд шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилготойгоор Улсын Их Хуралд оруулж ирсэн төсвийн төсөлд тусгагдсанаас нэмэгдүүлэх нь зүйтэй байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан шүүхийн хараат бус, бие даасан, бусдын нөлөөнд автахгүй байх бүх талын баталгааг хангасан хуулийн шаардлага нь Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгагдсан байх тул шүүгчийн цалин хангамж дордсон байх ёсгүй бөгөөд энэ хүрээнд ээлж дараатай цалинг нэмэгдүүлэх шаардлагатай юм.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шүүх засаглалыг жинхэнэ ёсоор ажиллуулах ёстой. Үүний тулд шүүгчийн цалин хангамжийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс оруулж ирсэн төслөөр батлах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргаж байсан болно.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багцын урсгал зардлыг 43,350.6  сая төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 22,619.3 сая төгрөгөөр, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн төсвийн багцын урсгал зардлыг 4,500.9 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх саналыг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр  дэмжлээ.


Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн даргын төсвийн багцад Үндсэн хуулийн цэцийн Их болон Бага танхимд хийсэн их засварын ажлын зардлын нэмэлт 11.5 сая төгрөгийг нэмж тусгах, Улсын Ерөнхий Прокурорын төсвийн багцад 2013 онд тоног төхөөрөмж худалдан авсан тендерийн гүйцэтгэлийн төлбөр болох 160,800,000 мянган төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд нэмж тусгах саналыг Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн болно.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан Хүний эрхийн Үндэсний Комиссын хөрөнгө оруулалтын зардал 105.0 сая төгрөгийг хэвээр үлдээх буюу бууруулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн болно.   

Төсвийн байнгын хорооны эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.


Анхаарал тавьсанд баярлалаа.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл