Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН 2014 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИУДЫН ТӨСЛИЙГ ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТУХАЙ БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэж төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн билээ.

Тус Байнгын хороо 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, С.Дэмбэрэл, Х.Болорчулуун, Д.Бат-Эрдэнэ нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нараас зарим зүйлийг тодруулж асуулт асууж, өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар ноосны 2013 оны урамшууллын үлдэгдэл санхүүжилтийг 11.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Г. Баярсайхан, А.Бакей нар Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд өндөр ашиг шимтэй хонины үржлийн мал импортлоход Баян-Өлгий, Ховд аймагт 120 сая төгрөг нэмэх, Улсын Их Хурлын гишүүн С. Дэмбэрэл, Г. Баярсайхан, А.Бакей, Я.Содбаатар, С.Оюун, Б.Дашдорж, Ж. Энхбаяр нар Төрөөс баримтлах ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон санхүүжилтийг Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлж байна.




БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ
АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.БАЯРСАЙХАН



МОНГОЛ УЛСЫН 2014 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ГАРГАСАН ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛЫН ТОМЬЁОЛОЛ

2013.11.06.

1.Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 29 дэх хэсгийн “Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын багцын хөрөнгө оруулалтын зардлыг 120 сая төгрөгөөр нэмэгдүүлэх
Тайлбар:Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “өндөр ашиг шимтэй хонины үржлийн мал импортлоход Баян-Өлгий, Ховд аймагт 120 сая төгрөг нэмэх.
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн Г. Баярсайхан, А.Бакей
2.Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 29 дэх хэсгийн “Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын багцын урсгал зардал 128 852.800 төгрөг гэснийг 11.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 140.852. 800 төгрөг болгон өөрчлөх.
Тайлбар:Ноосны 2013 оны урамшууллын үлдэгдэл санхүүжилтийг 11.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар
3. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 19 дэх хэсгийн “Байгаль орчин, ногоон хөгжлийн багцын хөрөнгө оруулалтын болон урсгал зардалд “ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхтэй холбогдсон санхүүжилтыг тусгах.
Тайлбар:Төрөөс ногоон хөгжлийн үзэл баримтлал, бодлого батлагдахтай холбогдуулан түүнийг хэрэгжүүлэх санхүүжилтийг Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах

Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн С. Дэмбэрэл, Г. Баярсайхан,
А.Бакей, Я.Содбаатар, С.Оюун, Б.Дашдорж, Ж. Энхбаяр


БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл