Цэс

Холбоо барих

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан танилцуулга

2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Д.Батцогт

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар төслийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төсөл болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай дараах танилцуулгыг нэгдсэн хуралдаанд оруулж байна.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд санал гараагүй бөгөөд анхны хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаас дэмжигдсэн дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 1, 2 дугаар шүүхүүдийн байрших газрын нэрийг тус тус “Улаанбаатар” гэж заасныг “Улаанбаатар хот /зүүн бүс/” болон “Улаанбаатар хот /баруун бүс/” гэж тодотгон өөрчлөх саналыг тусгасан хууль болон Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хувилбарын төслийг Та бүхэнд тараасан болно.

Байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон үүнтэй холбогдсон “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл