2013 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 05-ны өдөр хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
З.Баянсэлэнгэ
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, дараах санал, дүгнэлтийг гаргаж байна.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй, биечлэн оролцох тохиолдолд төлөөлж байгаа этгээдээс татгалзахтай холбогдсон 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хасах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бөгөөд уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар цөөнх болсон болно.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нийцүүлэн найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй болон холбогдох бусад саналуудыг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар гарсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналыг Та бүхэнд тараасан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ