2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Д.Лүндээжанцан
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Хууль зүйн байнгын хороо 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарын төсөл болон төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг нэгдсэн хуралдаанд оруулж байна.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээс Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбогдох хэсгийг хасах, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс хуульчийн мэргэжлийн хороо болон шүүгчийн сахилгын хорооны шийдвэрийн талаарх гомдлыг хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх байхаар заасан хэсгийг хасах зарчмын зөрүүтэй болон бусад найруулгын саналуудыг бүрэн тусгаж, дэмжигдсэн саналуудтай холбогдуулан хуулийн төсөлд найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж, эцсийн хувилбарын төсөл болон танилцуулгыг бэлтгэж, Та бүхэнд тараасан болно.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтын дагуу хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналтай нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761-178 дугаар зүйлүүд буюу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбогдох хэсгийг ишлэсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.1 дэх хэсэгт оруулах өөрчлөлтийг хасахтай холбогдсон саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэн дэмжиж, нэгдсэн хуралдаанд оруулж байна.
Түүнчлэн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хууль зүйн байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг нь хийсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эдгээр хуулийн төсөлтэй хамт батлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг ердийн журмаар дагаж мөрдөхөөр тогтоох саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ САНАЛ
1.Төслийн 4 дүгээр зүйлийн “91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгийн “172-178” гэснийг “172-176”” гэснийг хасах
Хууль зүйн байнгын хороо
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ТАЛААРХ САНАЛ
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг ердийн журмаар дагаж мөрдөхөөр хугацааг тогтоох
Хууль зүйн байнгын хороо