Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Ж.Батзандан
Ж.Батзандан
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Тус Байнгын хороо 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дараах санал, дүгнэлтийг гаргалаа.
Хэлэлцүүлгийн явцад тус Байнгын хорооны 2013 оны 8 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан болно.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн.
Дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай тус Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр Та бүхэнд тараасан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ