Цэс

Холбоо барих

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дах хэлэлцүүлгийг хийсэн талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
С.Баярцогт

Төсвийн байнгын хороо дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2013 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаараа хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн билээ.
Хууль зүйн байнгын хороо эдгээр хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хийж, дараах санал, дүгнэлтийг гаргаж байна:
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг батлагдсан хэмжээнээс нэмэгдэх, ижил хэмжээтэй объектуудын төсөвт өртөг харилцан адилгүй байх, барилгын ажил олон жил дамжин үргэлжлэх байдлыг таслан зогсоох, төрийн байгууллагууд барилгын ажилд бус, өөрийн үндсэн үйл ажиллагаанд бүрэн төвлөрч ажиллах боломжийг хангах зорилгоор тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан Улсын Их Хурлын тогтоол гаргах талаар Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, С.Баярцогт нарын гаргасан саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн болно. Уг тогтоолд дараах асуудлыг тусгах нь зүйтэй гэж үзсэн:
1/төрийн байгууллагуудын дэргэдэх барилга захиалагчийн товчоо, албадыг нэгтгэн, барилга захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр улсын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр барилга байгууламж бариулах ажлыг хариуцан гүйцэтгүүлэх чиг үүрэг бүхий улсын үйлдвэрийн газрыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулан ажиллуулах, шаардлагатай хууль, тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/улсын төсвийн хөрөнгөөр олон жил дамжин хэрэгжиж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн шалтгааныг тодруулсан мэдээллийг 2013 оны 10 дугаар сарын 28-ны дотор Улсын Их Хуралд ирүүлэх.
Түүнчлэн Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах нь зүйтэй талаар саналаа илэрхийлсэн болно.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгагдсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг аудитаар хянуулах, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг ялангуяа гүйцэтгэх засаглалын биш байгууллагуудын 2014 оны төсвийг анхаарах, зайлшгүй шаардлагатай зарим зардлыг нэмж тусгах холбогдох ажлын хэсэг байгуулах, төсвийн тодотголд Үндсэн хуулийн цэцийн төсөвт их засварын зардал 11.5 сая төгрөгийг тоног төхөөрөмжийн зардлаас шилжүүлэн тусгах саналыг гаргасан болно.
Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт цаашид төсөвт нөхцөлт орлого тусгахгүй байх, 2013 оны төсвийн тодотгол нь 2014 оны улсын төсвийн төсөлтэй уялдаагүй байгааг анхаарах, Монгол Улсын 2013 оны төсвийн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “төсөв, төсвийн тодотголыг хэлэлцэн батлахдаа төсвийн зарлагыг өсгөхгүй байх, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх” зарчим баримтлахаар тусгасныг дэмжиж байгаа талаар саналаа илэрхийлсэн болно. Түүнчлэн 2013 оны төсвийн тодотголоор хасагдсан Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт шүүхийн байр барих хөрөнгө оруулалтын зардлыг 2014 оны улсын төсвийн төслийг хэлэлцэх үед тусгах нь зүйтэй гэж үзсэн.

Төсвийн байнгын хорооны эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дах хэлэлцүүлгийг хийсэн талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.


ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ



МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ТАЛААРХ ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛЫН ТОМЬЁОЛОЛ


Хууль зүйн байнгын хороо дэмжсэн санал:

1.Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн батлах.
Санал гаргасан: Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, С.Баярцогт


ооОоо


Төсөл
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ


2013 оны … дугаар Дугаар … сарын ….-ны өдөр
Улаанбаатар хот

Авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг батлагдсан хэмжээнээс нэмэгдэж, ижил хэмжээтэй объектуудын төсөвт өртгийг харилцан адилгүй тооцож, барилгын ажил олон жил дамжин үргэлжилж байгааг таслан зогсоох зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай:
1/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.2-т заасан байгууллагуудын дэргэдэх барилга захиалагчийн товчоо, албадыг нэгтгэн, эдгээр барилга захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр улсын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр барилга байгууламж бариулах ажлыг хариуцан гүйцэтгүүлэх чиг үүрэг бүхий улсын үйлдвэрийн газрыг байгуулан 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлэх, шаардлагатай бол холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэх.
2/улсын төсвийн хөрөнгөөр олон жил дамжин хэрэгжиж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн шалтгааныг тодруулсан мэдээллийг 2013 оны 10 дугаар сарын 28-ны дотор Улсын Их Хуралд ирүүлэх.

2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.


Гарын үсэг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл