Ажлын дэд хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа, Ажлын дэд хэсгийн гишүүн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга С.Мөнхзул, тус газрын мэргэжилтэн Ренцэнханд, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Мөнхтуул болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцов.
Хуралдаанаар Сангийн яам болон Хүний эрхийн үндэсний комиссоос хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан ирүүлсэн саналуудыг гишүүдэд танилцуулж, санал тус бүрээр гишүүд харилцан санал бодлоо солилцлоо.
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа хуулийн төслийн саналын томъёоллыг сайтар боловсруулж, нэг мөр болгох, хуулийн төсөлтэй холбогдуулан дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулахыг Ажлын хэсгийн гишүүд болон Байнгын хорооны Ажлын албанд үүрэг болгов. Мөн хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт гарах шинэчлэлт, өөрчлөлтийн талаар танилцуулга бэлтгэх, зарчмын зөрүүтэй санал, хуулийн заалтуудыг одоо мөрдөгдөж байгаа хуультай харьцуулан судалгаа хийх, иргэд, эрүүл мэндийн байгууллагуудын ажиллагсдын хүлээлт, итгэл найдварыг урьдчилан харж санал, дүгнэлт боловсруулах нь зүйтэй гэж үзлээ.
Тэрээр яамдаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн дүгнээд Ажлын хэсгээс хариу өгөхийг Байнгын хорооны ажлын албанд үүрэг болгоод дээр дурдсан ажлуудыг сайтар хийсний дараа Ажлын хэсгийн хурлыг хийе, харин Эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлагын тогтолцооны хувьд Ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн гэв.
УИХ дахь эмэгтэй гишүүд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, эмчилгээ, оношилгоонд жил бүр хамрагдаж байх сэтгэлгээг төлөвшүүлэх, урамшууллын системийг бий болгох үүднээс “Эрүүл Монгол хүний индекс” гэсэн эрүүл мэндийн нормативыг бий болгохыг санаачилсныг Ажлын дэд хэсгийн гишүүдэд танилцууллаа.
Хуралдаан 16 цаг 40 минутанд өндөрлөв.
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА