Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх зарим асуудлыг хойшлууллаа

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.25/ хуралдаан 09 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч  Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтыг үндэслэн Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцах, судлах шаардлагын үүднээс тав хоногийн завсарлага авах горимын санал гаргаж буйг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулснаар хэлэлцүүлгийг хойшлуулав.

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар танилцууллаа. Ажлын хэсэг гурвантаа хуралдсан бөгөөд Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдах тухай тус банкны үйл ажиллагаанд Монголбанкны тавих хяналт, хөрөнгө, өр төлбөрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулах эрхийг тус банкинд олгох тухай, ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох, томилох, хараат бус гишүүдийн тоо, тэдгээрийг сонгон шалгаруулах зэрэг асуудалд илүү анхаарал хандуулан ажилласан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Монголбанкнаас бичгээр санал авч, тусгах боломжтой саналуудаар зарчмын зөрүүтэй саналыг томьёолол бэлтгэжээ. Түүнчлэн ажлын хэсгийн гишүүдээс гарган, олонхийн санал авсан зарчмын зөрүүтэй 42 саналын томьёоллыг байнгын хорооны гишүүдэд хүргүүлээд буйгаа танилцууллаа.

Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, энэ оны гуравдугаар сард төлөх 580 сая ам.долларын төлбөрийг төлөх боломж болон хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдсан тохиолдолд Хөгжлийн банкны цаашдын санхүүжилтийн эх үүсвэрийн талаар тодруулав. Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр 580 сая ам.доллар төлөх ёстой бөгөөд Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд, албан тушаалтнууд бүхий ажлын хэсэг ажиллаж байгааг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр хэллээ. Бондын төлбөрийг барагдуулах санхүүгийн эх үүсвэрийг цуглуулах гурван хувилбар гаргасны хоёрыг нь ажил хэрэг болгохоор хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагатай хамтраад яриа, хэлцээр эхлүүлэн гурван сарын болсон, үлдэж буй 50 гаруй хоногийн хугацаанд асуудлыг шийдэхээр ажиллаж байна гэв. Эрх зүйн орчныг шинэчилснээр Хөгжлийн банк Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөт заасан төсөл хөтөлбөрүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлэн, жагсаалт гаргасны дагуу хөрөнгө оруулалт татах яриа хэлцлүүдийг хийх боломж бүрдэх юм байна. Одоогоор хийгдэж буй хэлцэлүүд амжилттай болж 85 хүртэлх хувийн санхүүжилтээ бүрдүүлж чадвал 15 хувийг нь тодорхой эх үүсвэрээр босгон ажиллах бизнес модель боловруулаад байгаа хэмээн ажлын хэсгийн гишүүн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр хариулт өгсөн юм.

Ингээд дараа ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар горимын санал гаргав. Тэрээр хэлэлцэж буй хуулийн төсөл нь одоо мөрдөгдөж буй хуулиуд, ялангуяа Төсвийн тухай хуультай агуулга, зарчмын хувьд нэлээд зөрчилдөж байна. Хуулийн зөрчил нь Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөн ажиллаж байгаа энэ үед гэрээ хэлцэлд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсгэхээс магадлалтай тул  Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа тайлбарлалаа. Горимын саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 66.7 хувь нь дэмжснээр дараагийн асуудлаа хэлэлцэхээр боллоо.

УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын яамнаас тодорхой ажлуудыг төлөвлөн, удирдлагаар ханган ажиллаж байгааг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат төсөл санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд танилцуулсан юм. Манай орны уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд төмрийн хүдрийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх үүднээс Дорноговь аймгийн нутагт байрлах УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр зам барих төслийн урьдчилсан судалгааг боловсруулжээ. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсан тохиолдолд тээвэрлэх үндсэн ачаа нь төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нефть зэрэг түүхий эд бараа бүтээгдэхүүн байх аж. Үүний үр дүнд дотоодын түүхий эдийн өрсөлдөх чадвар дээшилж, тээвэрлэлтийн зардал буурах тооцооллыг гаргасан байна. Тодруулбал, тээвэрлэлтийн замын урт 350 гаруй км-ээр багасаж, нэг тонн төмрийн хүдрийн тээвэрийн зардал 3-4 ам.доллароор буурах юм байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр нар ажлын хэсгээс асуулт асууж, тодруулга хийсэн юм. Зүүнбаян-Ханги гэж шинэ чиглэл гаргах нь хэр оновчтойг Улсын Их Хурлын гишүүд тодруулаад үүнийгээ Сайншанд-Ханги болгон өөрчлөх боломжийг судлах, шинээр тавих төмөр замын царигийн асуудлыг нарийвчлах, бүтээн байгуулалтын санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн концессыг дэмжих, цаашлаад бодлогын баримт бичгээ цогцоор нь шинэчлэх талаар анхаарах зэрэг саналыг хэлж байв. Ийнхүү тогтоолын төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн юм.

“Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг энэ өдрийн хуралдаанаар мөн хэлэлцсэн. Салбарын сайд Д.Ганбат төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа. Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад "агаарын навигаци гэж агаарын хөлгийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны цогцолбор” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “нислэгийн хөдөлгөөнд үйлчлэх зориулалттай нэгдмэл системийн барилга байгууламж, тоног төхөөрөмж төрийн өмчид байна” гэж, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх замыг холбоо, навигацийн төхөөрөмжөөр нислэгийн аюулгүй байдлыг хангах түвшинд тоноглосон байна” гэж, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 9.8.1-д “Иргэний нисэхийн дэд бүтэц болох холбоо, навигаци, бодит ажиглалтын тоног төхөөрөмж, улсын хөрөнгө оруулалтаар баригдсан томоохон нисэх буудлын дэд бүтэц, барилга байгууламжийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой гэж үзэж төрийн өмчлөлд байна” гэж тус тус заажээ. Гэтэл Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ын хоёр дахь хэсгийн 5 дахь заалтад “Нислэгийн хөдөлгөөнийг удирдах, аюулгүй байдлыг хангах барилга байгууламж, онгоц хөөрөх зурвас, нийтийн хэрэгцээний аэродром” гэж зөвхөн барилга байгууламжийн хэсэг нь тусгагдсан байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, Иргэний нисэхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх төсөл хөтөлбөрүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015 онд 40.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий есөн төрлийн ажиглалтын, 87.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн навигацийн, 9.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 13 төрлийн холбооны тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Иймд олон улсын иргэний нисэхийн “Чикагогийн конвенц”-иор хүлээсэн Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй холбогдуулан агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байх шаардлагатай хэмээн үзэж дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг хувьчилж болохгүй үндэслэлийн талаар болон бусад орны жишгийн талаар тодруулсан юм. Ажлын хэсгийн гишүүн, ИНЕГ-ын Агаарын навигацын бодлогын хэлтсийн менежер Ганболд өгсөн хариултдаа, өдөрт Монгол Улсын агаарын орон зайд өдөрт тодорхой тооны тогтмол нислэг үйлдэгддэг ба нэг онгоцонд агаарын навигацын үйлчилгээ үзүүлэхэд олон төрлийн тоног төхөөрөмж ашигладаг. Эдгээрийг хувьчлах эрх зүйн орчин бүрдээгүй, агаарын орон зайн аюулгүй ажиллагааг хангах дүрэм, журмууд бүгд хуульчлагдсан байдаг. Бусад орнууд, тэр дундаа хөрш орнуудын энэ төрлийн дэд бүтэц нь төрийн өмч байдаг жишээ бий. Өнөөдрийн байдлаар зөвхөн Герман, Тайландад энэ төрлийн дэд бүтцийг хувьчилсан байдгийг хэллээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ч.Хүрэлбаатар, Д.Тэрбишдагва нар санал хэлсэн. ИНЕГ олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээс гадна Монгол Улсын иргэдийн өмнө үүрэг хүлээж, эрх ашгийг хамгаалан ажиллах ёстойг гишүүд онцолж байв. Эдийн засгийн ач холбогдолтой чухал салбар болох аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ИНЕГ чухал үүрэгтэй байхад чиглэлийн нислэгүүдийн хуваарилалтыг давхардуулдаг, газар зүйн байрлалын онцлогоос шалтгаалан Монгол Улсад зорчих хамгийн боломжит хувилбар нь онгоцоор нисэх байдагч өртөг нь бусад орны нислэгтэй харьцуулахад хэт өндөр байдаг. Улс орон, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ ийм байдалтай гүйцэтгэдэг атлаа олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэдэг байдлаар ажилдаа хандаж байгааг шүүмжилсэн юм. Цаашид иргэдэд ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй үйлчилгээг нэвтрүүлэх санал, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээ дэмжих хөтөлбөрийн төсөл зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай байгаа зэрэг санал хэлсэн юм. Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаархи Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөөд байсан. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, салбарын сайд чөлөөтэй байгаа, харин байнгын хорооны хуралдаанаар сонсох өнөөдрийн мэдээллийн сэдэв тун чухал, тодруулах олон асуудал байгаа учир хойшлуулах горимын санал гаргав. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75  хувь нь дэмжсэнээр уг асуудлыг хойшлууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл