Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 44 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ.

Хуулиар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн зарим зүйлийг өөрчлөн найруулжээ. Тухайлбал, Монгол Улсын төсөвт 2013 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, төсөв зарцуулах эрх олгох, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг батлах, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээ, тус сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг тус тус баталсан байна.

Үүнээс гадна төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг дээрх хуулийн хавсралтаар баталсныг бүрэн эхээр нь нийтлэв.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар, нийгмийн даатгалын санд 2013 оны төсвийн жилд Төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх нийт орлогын хэмжээг 1,240,113,7 сая төгрөг байхаар баталжээ. Мөн Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар, Хүний хөгжил сангийн төсөвт 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 397, 580, 8 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ зэргийг тус тус баталсан байна.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Улсын Их Хурлын тогтоолоор Хүний хөгжил сангийн төсвийн алдагдал, тус сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 55,715,7 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2013 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрсөн байна.

Эмхэтгэлд, Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Үүгээр усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ, болон усны нөөц ашигласны төлбөрөөс хөнгөлөх хувь, хэмжээг хавсралтаар тус тус баталжээ.



УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл