Цэс

Холбоо барих

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийн талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Р.Гончигдорж


Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон талаар танилцуулав.

Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд хууль тогтоогчийн хууль тогтоох, Үндсэн хуулийн тодорхой заалтыг хууль гаргах замаар тайлбарлах бүрэн эрхийг Үндсэн хуулийн цэц үгүйсгэж болохгүй, “хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ … иргэдийн төлөөлөгчдийг оролцуулна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг Улсын Их Хурал хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч шийдвэр гаргах эрхтэйгээр оролцохоор ойлгож, хууль баталсан бөгөөд Үндсэн хуулийн цэц “оролцуулна” гэдгийг Үндсэн хуульд Улсын Их Хурлын баталсан хуулиас өөр агуулгаар заасан гэсэн үндэслэл гаргаагүй байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчийг бодит утгаар нь оролцуулахаар хуульд тусгаснаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд харин Үндсэн хуулийн зарим заалтууд хоорондоо зөрчилтэй байж болох талаар саналаа илэрхийлсэн болно.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ гаргахдаа иргэний өргөдөл, тайлбарт тусгаагүй хуулийн заалтыг үндэслэсэн бөгөөд ингэхдээ бусад хуулиар буюу Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгээр Үндсэн хуулийн заалтыг тайлбарласан, түүнчлэн Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн нийтлэг журам тогтоосон заалтаар мөн хуулийн дараагийн заалт буюу Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэсэн тусгай журам тогтоосон заалтыг үгүйсгэсэн нь ойлгомжгүй байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх “шүүх бүрэлдэхүүн” болон институцийнх нь хувьд “шүүхийн бүрэлдэхүүн” хоёр ялгаатай, түүнчлэн иргэдийн төлөөлөгч хэрэг, маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд шийдвэр гаргах эрхтэйгээр оролцож байгаа нь хөндлөнгөөс нөлөөлж байгаа асуудал биш бөгөөд Цэцээс гаргасан шийдвэрийн үр дагаварт Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг хэрэгжих боломжгүй болж байгаа талаар тус тус саналаа илэрхийллээ.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтын “маргаан хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох”, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Хэрэг маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна” гэж заасны “шүүх бүрэлдэхүүнд” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн болно.

Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах саналыг оруулж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийн талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл