Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2017.02.09/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.
Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн аж. Энэхүү зээлийн хүү нь /жилийн/ 1,75 хувь, зээлийн хугацаа 20 жил бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил юм байна. Түүнчлэн төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч: 200 сая ам.доллароос дээшхи дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байна хэмээн сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан.
Дээрх Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг
Эдийн засгийн, Төсвийн байнгын хороодын хуралдаанаар зөвшилцөөд дэмжсэн болохыг
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гишүүдэд
танилцуулсан.
Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Цогтбаатар, А.Ундраа, Н.Оюундарь нар асуулт асууж хариулт авлаа. Гишүүд, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүд бэлэн болсон эсэхийг лавласан. Түүнчлэн зээлийн хөрөнгө бодитоор хэдийд орж ирэхийг тодруулж байлаа.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаагийн хариулснаар, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрт: “төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг...” гэснийг “...аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг...” болгон нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцоонд хүрсэн аж. Зээлийн хөрөнгийг 18 сарын хугацаанд авч ашиглах бөгөөд одоогоор 6 сарын хугацаа нь өнгөрөөд байгаа аж. Одоо үлдээд буй нэг жилийн хугацаанд төслүүдээ боловсруулж дуусах ёстой юм байна. Одоогийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл хийгдээд байгаа бөгөөд нарийвчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бэлтгэл хийгдэж байгаа гэлээ. Түүнчлэн бусад судалгааны ажлууд хийгдэж эхлээд явж байгааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга дуулгасан.
Ингээд Засгийн газарт Зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурахыг зөвшөөрье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.