Улсын
Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны
өнөөдрийн /2017.02.10/ хуралдаан 12 цаг 04
минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр
эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын
Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг
хийв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын нэр бүхий 19 гишүүнээс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулган 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Хуралдаанд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи санал, дүгнэлтийг танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, С.Чинзориг, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн хувьд хуулийн төсөлд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хувь эзэмшиж болно гэсний учрыг илүүтэй тодрууллаа.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар гишүүн “Олон улсын валютын сангийнхан өмчлөгч тал олон байх тусмаа хяналт сайн байдаг гэж зөвлөсөн” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Өнгөрсөнд гарсан алдааг давтахгүйг хичээсэн. Тиймээс Хөгжлийн банкийг олон улсын санхүүгийн зах зээлийн тоглогч болгох боломжийг бүрдүүлэхийг зорьсон” хэмээн нэмж тайлбарлав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т заасны дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулж зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, хуулийн төслийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг “Хөгжлийн банк энэ хуулийн 10.1 заасан шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран санхүүжүүлнэ” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ. Мөн төслийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Засгийн газраас Хөгжлийн банкинд баталгаа гаргаж болох ба уг харилцааг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу зохицуулна” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Түүнчлэн төслийн наймдугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Хөгжлийн банк нь иргэдийн мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
Харин төслийн 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалтын “хашдаггүй байх” гэсний дараа, “сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдсон Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Зарчмын зөрүүтэй санал гараагүй учир хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.