Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороогоор 1 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.09/ хуралдаан 14 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.


Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийн танилцуулгыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хийв. Тэрээр, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Энэхүү зээлийн хүү нь /жилийн/ 1,75%, зээлийн хугацаа 20 жил ба зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байна гэлээ. Түүнчлэн төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч: 200 сая ам.доллароос дээшхи дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байна гэж танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдол болон үр дүнгийн талаар тодруулахад Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрт: “төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг...” гэснийг “...аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг...” болгон нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцоонд хүрч, Засгийн газар хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээр хоёр талдаа бүрэн ойлголцсон төдийгүй энэхүү зээлийг үр ашигтай зарцуулахаар ажиллаж байна гэлээ. Мөн Ажлын хэсгээс Монгол Улсын Засгийн газар төслөө боловсруулж, Экспорт-Импорт банкинд танилцуулна гэсэн тайлбар нэмж хийв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ зээлийг бүтээн байгуулах, ажлын байр нэмэгдүүлэх мөн экспортын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг төсөлд зарцуулах нь зүйтэй хэмээн энэхүү зээлийг дэмжиж буйгаа илэрхийллээ.


Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл