Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14 цаг 50 минутад гишүүдийн 62.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Хуралдаанаар “Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл,Төв банк /Монголбанк/-ны тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт, 2017 оны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц байдлын талаархи Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсохоор тогтсон юм.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 27 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулсан юм.
Статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр нь статистикийн дунд хугацааны үйл ажиллагааны зорилтыг тодорхойлсон бөгөөд тус байгууллагын үйл ажиллагаа, үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлэх, зорилго, зорилт хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлж, түүнд хүрэх арга зам, шаардагдах хөрөнгө, хүн хүчний нөөцийг нарийвчлан тооцсон дэс дараатай хэрэгжүүлэх тулгуур бичиг баримт ажээ. Уг хөтөлбөр нь 7 бүлгээс бүрдсэн бөгөөд статистикийн салбарыг хөгжүүлэх 6 зорилго, түүнийг хэрэгжүүлэх статистикийн үйл ажиллагааны 25 зорилт, 155 арга хэмжээг хамарсан аж.
Тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс өөр асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Үүний дараа Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байлаа. Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Засгийн газар Олон улсын валютын сан болон холбогдох хуультай нийцсэн эсэх талаар тодруулга хийх хүртэл уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдаанд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авлаа. Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаархи санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэв
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэв. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар оролцлоо.
Төслийн танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хийлээ. Дэлхийн банкны холбогдох удирдлагууд, хуульчидтай зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хамтран боловсруулжээ. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын зээлийн эх үүсвэр “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т тусгагдсан байна.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр уг хөтөлбөрт тусгажээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир асуулт асуусны дараа Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн, уг төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011 оноос 2016 оны хооронд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн сонгогдсон 89 сумд хамрагдаж, нийт 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлэн ажилласан гэдгийг дурдав.
Төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бусад аймаг, сумдыг хамруулах, төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулахаар төлөвлөөд байгааг салбарын сайд онцлов.
Уг зээлийн хүү нь 1.25 хувь бөгөөд эргэн төлөх хугацаа нь 25 жил (Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил) аж. Төслийн гол зорилго нь төсөлд хамрагдсан аймаг, сумуудад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж, ядуурлыг бууруулахад оршино гэдгийг П.Сэргэлэн сайд танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн хувьд хөдөө аж ахуйн түүхий эд, материалын үнэ цэнийг нэмэгдүүлэх, малчдын болон эмэгтэйчүүд давамгайлсан бүлгүүд, хоршоодод санхүүгийн ба санхүүгийн бус дэмжлэг үзүүлэхдээ жинхэнэ эздийг нь хамруулах, бэлчээртэй холбоотой эрсдэлүүдийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлж, бэлчээрийн даац багтаамжийг хянаж үнэлэхэд бодитой үр дүнд хүргэхийг салбарын сайдад анхааруулж байлаа. Ингээд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн учир санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлэл хийлээ
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт, 2017 оны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр мэдээлэлдээ 2016 онд Монгол Улсын эдийн засагт нийтдээ 1.5 их наяд төгрөгийг нийлүүлсэн байна. 2016 оны 1, 5 сард мөнгөний бодлогын хүүг харгалзан 1.0, 1.5 нэгж хувиар бууруулж, 10.5 хувь болгох шийдвэр гаргасан. Хөрөнгийн орох урсгал татарсан үед мөнгө нийлүүлсэн арга хэмжээ нь гадаад тэнцвэргүй байдлыг даамжруулж төгрөгийн ханш огцом сулрах, үндсэн суурийг тавьсан гэж Монголбанк үзэж байгаа. Их хэмжээний интервенци хийж, гадаад валютын ханшийг макро суурь хүчин зүйлстэй нийцгүй, хэт үнэлэгдсэн түвшинд хадгалсан, ханшийн хэт үнэлэгдсэн байдал нь гадаад худалдааны нөхцөлд сөргөөр нөлөөлсөн юм гэж байлаа.
Миний бие 2016 оны наймдугаар сард ажлаа авсан даруйдаа эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах, ирээдүйд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, гадаад валютын нөөцийг хамгаалах тул бодлогын томоохон өөрчлөлтийг хийсэн. Түүнчлэн төсвийн шинж чанартай санхүүжилтийг хязгаарлах, ханшийн уян хатан байдлыг хангах, гадаад валютын албан нөөцийг хамгаалах, төгрөгийг өгөөжийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн хямралаас урьдчилан сэргийлэх, банкны салбарыг тогтвортой байдал алдагдах эрсдэлээс сэргийлэх алхмуудыг цогц байдлаар авч хэрэгжүүлсэн гэдгээ онцолж байв.
2017 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, Мөнгөний бодлогын үндсэн зорилтыг хэрэгжүүлэхдээ ирээдүйд чиглэсэн бодлогын шийдвэр гаргах үндсэн зарчим баримтална. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ зөвхөн зах зээлд суурилсан арга хэрэгслүүдийг ашиглах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан бодлого нь гадаад зах зээлд бий болсон аливаа сөрөг шокын бодит секторт үзүүлэх сөрөг нөлөөг зөөлрүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэж харж байна. Мөн гадаад валютын улсын нөөцийг зохих түвшинд хүргэн нэмэгдүүлж, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах бодлогыг хэрэгжүүлнэ гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан онцолж байлаа.
Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, З.Нарантуяа, Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.